ЗАВХАН: Тува улсын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-10 15:35:10

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа.

МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбарын урилгаар Бүгд Найрамдах Тува улсын ХАҮТ-ын ерөнхийлөгч Ондар Андрей Вячеславович, Тувагийн Эдийн засгийн яамны экспортыг дэмжих төвийн дарга Дойканай Сайзана тэргүүтэй бизнес эрхлэгчдийн төлөөлөл Завхан аймагт айлчиллаа.

Тува улсын төлөөлөгчид мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлтэй танилцаж хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, МҮХАҮТ-ын Завхан дахь салбарын захирал Д.Мөнхчимэг болон ЗДТГ-ын хэлтсийн дарга, зарим агентлагийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалт нь манай хоёр хөршийн хамтын ажиллагаа, хилийн бүс нутгийн хөгжил, үзэсгэлэн худалдаа болон бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх арга замыг эрэлхийлсэн уулзалт боллоо. Тухайлбал,

Тува улсын зүгээс хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон боломж бийг дурдаад, байгаль цаг уурын онцлогт тохирсон автомашин, барилгын салбарын тусгай шингэн, байгальд өөрөө задардаг шинэ технологиор үйлдвэрлэсэн хуванцар сав нийлүүлэх. Төрөл бүрийн төмөр хийцийн угсрах үйлдвэр, тав хүртэлх давхар цэвэр модон байшингийн хийц, мод их хэмжээгээр нийлүүлэх.

Бүх төрлийн хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг гурав дахин нэмэх. Үйлчилгээний салбаруудын хамтын ажиллагааг сайжруулах, тэр дундаа бизнес эрхлэгчдийг дэмжих, харилцан уян хатан бодлогыг баримтлах тал дээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.


Харин Завхан аймгийн талаас хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах. Хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх. Хоёр талын бараа бүтээгдэхүүнийн нийлүүлэлтийг нэмэх. Аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх. Ялангуяа Завхан аймгийн рашаан, сувиллыг түшиглэн, аялал жуулчлалыг энэ зунаас эхлүүлэхээр боллоо.


Цаашид хилийн боомтоор нэвтрүүлэх бараа бүтээгдэхүүний хууль, эрх зүйг судлан сайжруулж ажиллахаар тохиролцон хоёр хөршийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын хооронд хилийн үзэсгэлэн худалдааны товыг гарган, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн энэ удаагийн айлчлалын үеэр хоёр талын бизнес эрхлэгчид уулзаж, орон нутгийн зарим үйлдвэрүүдтэй танилцан, хамтран ажиллах түншээ олж, Бүгд Найрамдах Тува Улс руу зарим бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээг байгууллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ