ЗАВХАН: Архивын үйлчилгээ шуурхай болсноор иргэд цаг, мөнгөө хэмнэдэг болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-10 16:04:00

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт он гарсаар 620 гаруй иргэн 475 архивын лавлагааг авчээ.


2011 оноос архивын баримтыг тоон системд оруулах үндэсний хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. 2011 оноос эхлэн Завхан аймгийн Төрийн архивын газар нь сан хөмрөгийн мэдээллийг цахимжуулах, нэгдсэн бүртгэлийг хийж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар сан хөмрөгийн 80 гаруй хувь нь цахимжсан байна. 



Архивын газар өдөрт дунджаар 10-15 хүний хүсэлт захиалгыг хүлээн авч өдөртөө багтаан шийдвэрлэдэг. Иргэд ихэвчлэн 70 дугаар данс буюу 1980 оноос өмнөх нэгдэлтэй холбоотой дансны мэдээлэл, малын А данс, ажилласан жилийн тушаал, цалингийн цэсийн лавлагааг авдаг. Мөн архивд хадгалагдаж буй ховор баримтуудаас шүүлт хийх, лавлагаа авах иргэд ч байдаг. Архивын лавлагаа маш хурдан шуурхай болсон.


Тухайлбал, өмнө нь иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, төлбөр зардал авахдаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсан. Харин 2019 оноос эхлэн иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож, иргэдийн ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгийг хэмнэж эхэлсэн.


Ер нь архивын баримт жил ахих тусам үнэ цэн нь нэмэгдэж, нийгмийн хэрэгцээнд ч гэсэн нотлох гэрчлэх зорилгоор ашиглагддаг болсон. Архивын баримт цахимжсанаар иргэдэд үйлчлэх үйлчилгээ маш хурдан шуурхай болж байна. Нэг иргэний хүсэлтийг өдөрт нь шийдвэрлээд гаргадаг болсон гэж аймгийн Төрийн архивын газраас мэдээлэв.  

Ташрамд, Завхан аймагт төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор аймаг, сумын Засаг даргын Тамгын газарт E-Mongolia операторын үйлчилгээг нэвтрүүлээд нэг жил гаруй болж байна.


E-Mongolia операторын үйлчилгээнээс иргэдэд 57 төрлийн мэдээлэл лавлагааг өгч байна. Өнгөрсөн онд нийт 1495 мэдээлэл лавлагааг иргэдэд цахимаар хүргэж үйлчилсэн бол он гарсаар 1200 гаруй иргэн операторын үйлчилгээг авчээ. Түүнчлэн иргэд өөрсдөө ямар ч цаг үед ТҮЦ машинаас мэдээлэл лавлагааг авах боломжтой юм. 


E-Mongolia операторын үйлчилгээний төв буюу нэг цонхны төв дээр иргэдийн санал, хүсэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 70461212 дугаарын утас, аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсаар дамжуулан иргэдээ сонсох ажлыг хийж байгаа. Өнгөрсөн онд гэхэд нийт 162 иргэний санал хүсэлтийг хүлээн авч, 57 иргэний гомдлыг шийдвэрлэн, иргэнд  хуулийн хугацаанд хариу өгч ажилласан байна.



Харин гуравдугаар сарын байдлаар 42 иргэн санал хүсэлтээ утсаар өгч шийдвэрлүүлсэн байна. E-Mongolia операторын үйлчилгээний төвөөс иргэд газрын болон, үл хөдлөх хөрөнгө, иргэний бүртгэл, архивын лавлагааг ихэвчлэн авч байна.

Завхан аймгийн цахимжсан үйлчилгээнүүд:

Завхан аймгийн Авто Тээврийн төв – 3 үйлчилгээ

Завхан аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ

Завхан аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар – 8 үйлчилгээ

Завхан аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар – 7 үйлчилгээ

Амь-Ус ХХК – 1 үйлчилгээ

Газрын Харилцаа, барилга, Хот Байгуулалтын газар – 7 үйлчилгээ

Завхан аймгийн Эрүүл мэндийн газар – 9 үйлчилгээ

Завхан Хүнс хөдөө АА газар – 6 үйлчилгээ

“АУЭХС” ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбар – 1 үйлчилгээ

Завхан аймгийн музей – 1 үйлчилгээ

Завхан аймгийн ЗДТГ Хөгжлийн бодлого, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс – 2 үйлчилгээ

Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ

Улиастай сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ гээд нийт 15 байгууллагын 60 орчим мэдээллийг цахимаар өгч байна. 

Холбоотой мэдээ