АРХАНГАЙ: Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүсэлт авч эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-10 16:59:28

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх ажлын хүрээнд гарсан ба хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, удирдлага, зохион байгуулалт,  газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хийх ажлуудыг тодорхой болгож, холбогдох газруудад үүрэг болгосон байдаг.  


Аймгийн ХХААГ-аас УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилт"-ыг олгохоор арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ХААН, Хас банканд нийт 50 гаруй иргэн, ААН зээлийн хүсэлтээ өгсөн байна. Төрийн банк хүсэлт авч эхлээгүй байна.


Энэхүү зээлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн зээлийг, мөн газар тариалан, хүнс болон хөнгөн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтын зээлийг тус тус олгохоор банкууд бэлтгэл ажлаа хангаад, зээлийн хүсэлтүүдийг аваад эхэлжээ.  


Улсын хэмжээнд арилжааны банкуудаар дамжуулан нийт 1.0 их наяд төгрөгийн зээл олгоно. Зээлийн жилийн хүү нь эргэлтийн хөрөнгийн зээл 5 хувь, хөрөнгө оруулалтын зээл 6 хувь байх ба үлдсэн 13 хувийг хүүг зээлийн хүүгийн дэмжлэг болгож байгааг ХХААГ-аас мэдээллээ.


Архангай аймгиийн хэмжээнд тэжээлийн үйлдвэрүүдэд дотоодоос түүхий эд худалдан авахад эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд зээл, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх, махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд зээл, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх, гахайн аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг мал аж ахуйн эргэлтийн хөрөнгийн зээлд нийт 2023 онд 132,000.0 сая төгрөгийн зээлийг олгох ба Засгийн газраас энэ онд хүүгийн хөнгөлөлтөд 17,199.0 сая төгрөгийг зарцуулах ажээ.


ХХААХҮЯ-наас газар тариалангийн салбарт буюу ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглэн буудай, төмс, буурцагт болон тэжээлийн таримлын анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулах, дэвшилтэт технологийн 50 гектар хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн 164,523.1 сая төгрөгийг, улаанбуудайн усалгаатай тариалангийн талбайг 5.0 мянган гектараар нэмэгдүүлэх, бүх төрлийн будаа, чихрийн манжин тариалах усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх, аймаг бүрд 500-2500 тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны бүрэн автомат, механикжсан агуулах байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын зээлд 178,099.5 сая төгрөгийг энэ онд олгохоор болжээ.


Архангай аймгийн тухайд газар тариалангийн 26.4 мянган эргэлтийн талбайд 68 аж ахуй нэгж, 625 иргэн ажиллаж байна.


Хөнгөн үйлдвэрлэлийн тухайд 309 үйлдвэр, цех байдаг ба үүний дотор модон эдлэл 40 хувийг, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10 хувь, барилгын материалын үйлдвэрлэл 30 хувийг тус тус эзэлдэг байна.


Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 76 байгууллагад 239 хүн ажиллаж байна.

Холбоотой мэдээ