БАЯНХОНГОР: Монгол туургатны Харвуул их наадмыг 7 дугаар сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-11 11:19:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг Үндэсний өв соёл, спортоороо бахархсан томоохон үйл ажиллагааг 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Тодруулбал, Үндэсний уламжлалт баяр наадмын эрийн гурван наадмын нэг төрөл болох Үндэсний сурын төрлөөр “Монгол туургатны Харвуул их наадам”-ыг 7 дугаар сарын 19, 20, 21-нд зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газраас 2023–2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж, тус наадам Баянхонгор аймгийн Заг-Байдрагийн Хүрэн бэлчир хэмээх түүхэн газарт болох юм.


Тус наадмын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан зохион байгуулах ажлын багийн зөвлөхүүдтэй уулзаж санал солилцлоо.


Харвуул их наадмыг зохион байгуулах ажлын багийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний сурын холбооны тэргүүн Ц.Отгонбаяр тэргүүлж, чиглэл тус бүрийг хариуцсан 39 удирдлагыг бүрэлдэхүүнд томилжээ. Ийнхүү ажлын багийнхан анхны хурлаа /2023.04.10/ хийж, наадмын төлөвлөлт, чиглэл тус бүрийн үүрэг, гишүүдийн оролцоо, бэлтгэл ажлыг хангах, орон нутгийн онцлог, үндэсний сурын харвааг олон улсад хэрхэн сурталчлах тухайд зөвлөлдөж, төлөвлөгөөг боловсруулан үүрэгт ажилдаа орлоо.



Хүрэн бэлчир нь Баянхонгор аймгийн төвөөс 170 км, Заг сумын төвөөс 15 км зайтай. Монголын эртний түүх, утга зохиолын гайхамшигт дурсгал болох Монголын нууц товчоонд Их эзэн Чингис хааны цэрэг дайлаар мордохдоо Хүрэн бэлчирт буудаллаж байсан тухай өгүүлсэн нь бий. 


Монголын нууц товчоонд өгүүлэхдээ, "Тэндээс Чингис хаан Ван хан хоёрыг буцаж явахад Найманы Хадгалдагч Хөгсэү Сабраг Заг-Байдрагийн бэлчирт цэрэг засаж тулалдахаар зэхэж байсан ажгуу. Чингис хаан Ван хан хоёр хатгалдъя хэмээн цэрэг засаж хүрч (ирээд) орой боллоо маргааш хатгалдъя хэмээн зэрэгцэн хонов. Тэгээд Ван хан буурин дээрээ гал түлж орхиод шөнө Хар сүүл (голын нэр) өөд хөтлөн явжээ” гэж бичсэн байдаг. 


XVI зууны үед Халхын өндөр Гэгээн Занабазар, Өөлдийн Галдан хутагт нарын санаачилга, удирдлагын дор Дөчин дөрөвний ноёдын их чуулган мөн Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт болж, Монгол түмний хувь заяаны асуудлыг тунгаан болгоож байсан түүхтэй газар юм.

Холбоотой мэдээ