ХӨВСГӨЛ: 14 давхар барилгын зооринд гарсан галыг 25 минутад бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-12 09:21:51

Мөрөн /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Урандөш багт байрлах 14 давхар барилгад гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 11-ний 19 цаг 27 минутад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.  



Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид очиход 14 давхар байрны зоорины давхарт барилгын материал шатаж байжээ. Галын тархалтыг зогсоож 19 цаг 55 минутад галыг бүрэн унтраан эзэмшигч иргэнд хүлээлгэн өгсөн байна. Галыг бүрэн унтраахад 500 литр ус зарцуулсан байна.

Хөвсгөл аймагт он гарсаар Чандмань-Өндөр, Түнэл, Алаг-Эрдэнэ гэсэн 3 суманд ой хээрийн түймэр, объектын гал түймрийн 34  тохиолдол бүртгэгдсэний 17  нь Мөрөн суманд бүртгэгджээ.



Иймээс хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэд айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ