Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутныг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-04-12 12:08:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалт зарлалаа.


Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу зохион байгуулна.

 

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны жагсаалтын эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчид хамрагдах юм.

Журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно.


Судлах чиглэлүүд:

Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй болон суралцах иргэдэд тэргүүлэх ач холбогдол өгнө.

-"Алсын хараа-2050", “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжил,

-Монгол Улсын Засгийн газраас баталсан Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэл, эсхүл онцгой байдал, хил хамгаалах, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны чиглэл

 

Бүртгэлийг 2023 оны 4-р сарын 11-нээс 5-р сарын 11-ний 23:59 цагийн хооронд https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. 

Холбоотой мэдээ