ДУНДГОВЬ: Хэт авиан оношилгоог хийдэг болсноор үйлчлүүлэгчдийн зардал, цаг хугацааг хэмнэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт гавлын
дотор болон гадна судас, хүзүүний судасны өнгөт хэт авиан оношилгоог хийж
эхэлснээр иргэд цус харвалтаас сэргийлэх боломжтой болжээ.
Өнгөрсөн 8 дугаар сард ЭМЯ-наас тус аймагт тархины судасны дуплекс, допплер аппарат хүлээлгэн өгч, тус эмнэлгийн мэдрэлийн эмч Н.Гүрбадам дээрх мэргэжлээр суралцан төгсжээ. Тэрбээр албан ёсоор энэ сарын 1-нээс оношилгоо хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 30 гаруй хүнд оношилгоо хийжээ. Түүнчлэн эмч Гүрбадам дадлага хийх үедээ орон нутагтаа 400 гаруй хүнийг оношилсон байна.
Ийнхүү орон нутагтаа гавлын дотор болон гадна судас,
хүзүүний судасны оношилгоог хийдэг болсноор тархины цусны эргэлтийн хямралын
шалтгааныг тодруулж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх ба үйлчлүүлэгчдийн зардал,
цаг хугацааг хэмнэх ач холбогдолтойг оношилгооны эмч Н.Гүрбадам онцоллоо. Түүнчлэн энэ нь говийн аймгуудын дунд байгаа
ганц төхөөрөмж гэдгийг ч тэрбээр таницуулсан юм.
Толгой өвдөх, толгой эргэн дайвалзах, муужирч унах, нүд
бүрэлзэх, чих шуугих, дүнгэнэх, артерийн даралт ихсэх, тархины гэмтэл авах,
судасны ханын тонус алдах, хөл, гарын үзүүр бадайрах, хэл ээдрэх, тээврийн
хэрэгсэлд суухад дотор муухайрдаг зэрэг зовуурьтай иргэд, чихрийн шижин, нурууны
артерийн төрөлхийн болон олдмол гажиг, шигдээс, харвалт зэрэг өвчлөлтэй хүмүүс
оношлуулах шаардлагатай аж.
Энэхүү тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Олон улсын удирдамж, эмчилгээний стандартыг баримтлан оношилгоо хийж, мэргэжлийн эмч оновчтой зөвлөгөө, эмчилгээний зөв схем, зөвлөмжийг өгч байна.