ЗАВХАН: Ихэнх нутагт зудархуу буюу малын хорогдол гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-13 09:34:01

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт сумын нутгаар бог мал төллөж, зарим сумаар ямаагаа самнаж, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилсээр байна.


Цасан бүрхүүл арилсан бүс нутгаар өнгөрсөн онд газрын гарц муу байсан, одоогоор бэлчээрийн ургамал цухуйгаагүй байгаагаас өвөлдөө зудын эрсдэлийн үнэлгээгээр  Цагаанаар зудтай буюу зудархуу, нэн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ихэнх сумын нутгаар хаваржилт хүнд, өвс тэжээлийн хомсдолтой, нэмэгдэл өвс тэжээлийн дутагдалтай, малын хорогдол гарсан хэвээр байна.


Завхан аймгийн хэмжээнд 70 гаруй мянган мал хорогджээ. Тухайлбал зудархуу байгаа 10 сумдаас, Дөрвөлжинд 7742, Цэцэн-Уулд 9200, Завханмандалд 2128, Сантмаргацад 5104, Сонгинод 2496, Цагаанчулуутад 4164, Яруу суманд 3055 толгой мал тус тус хорогдсон мэдээтэй байна. 

Нийт сумын нутгаар агаарын дундаж температур -2.0….-8.8 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 7...15 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -16...-25 градус, хамгийн хүйтэн нь Баянтэс, Идэр суманд -25 градус хүрч хүйтэрсэн байна.

Дөрөвдүгээр сарын эхний арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 10 градус хүйтнээс 4 градус дулаан, хамгийн их температур өдөртөө  11...34 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -15...-26 градус,  хамгийн хүйтэн нь Баянхайрхан, Яруу суманд -26 градус, Баянтэс суманд -25 градус хүрч хүйтэрсэн байна.


Харин ихэнх нутгаар 1-6 хоног тунадас орж 0.0-5.7 мм тунадас орсон бол хамгийн их нь Баянтэс суманд 5.7 мм, Ярууд 4.9 мм, Завханмандал суманд 4.4 мм тунадас орсон байна. Дөрвөлжин, Сантмаргаз суманд тунадас ороогүй байна.

Нийт нутгаар салхины хамгийн их хурд өрөвхийлөлтөөр 12-24 м/с хүрч шуурсан байна. Хамгийн их нь Дөрвөлжин суманд 24 м/с хүрсэн байна.


Цасан бүрхүүлийн хувьд сумын төв орчимдоо Баянтэс 3 см, Баянхайрхан 4 см, 5-9 баллын цасан бүрхүүлтэй байна. Баянтэс сумын 4 зүгт 3-6 см цасан бүрхүүлтэй байна гэж аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Аймгийн хэмжээнд өвс тэжээлийн нөөц багасаж, зарим газар өвсгүй болоод байна. Гэтэл ногоо ургах цаг хараахан болоогүй, цаашид ч өвс тэжээл хэрэгтэй байгаа. Дөрөв, тавдугаар сарыг дуустал малаа тэжээх шаардлагатай. Зарим газар цас ханзарсан ч газрын гарц, бэлчээр тун муу байгаа. Нөгөө талаар газрын гарц харьцангуй сайн газруудад энэ хавар цаг агаар муудаж, салхи шуурга ихтэй байвал үлдсэн жаахан бэлчээр сүйдэх эрсдэл их. Тиймээс өвс тэжээлийг нэмж сайн бэлтгэх нь чухал юм. Зүүн аймгууд болон Баян-Өлгий аймгаас өвс татах ажлыг хийж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас нэмж дуулгав.  

Холбоотой мэдээ