АРХАНГАЙ: Сурагчдад хичээлийн бус цагаар спорт заалыг үнэ төлбөргүй ашиглуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-13 16:39:23

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын “Сурагчдын сурч хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх тухай 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/200 дугаар захирамж гарлаа.


Захирамжаар “Архангай 100-Боловсролын хөгжил” форумд оролцогчдоос гаргасан санал, санаачилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн урлаг, биеийн тамирын заалыг сурагчдад хичээлийн бус цагаар үнэ төлбөргүй ашиглуулах, хүүхдийн уралдаан тэмцээний үеэр заалыг нээлттэй байлгаж, тэднийг авьяас чадвараа хөгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх орчин, нөхцөл бүрдүүлж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болголоо. 

  

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цаг гаргая” аяныг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн БТСГ-ын заалыг энэ сарын 13-наас эхлэн өглөө бүр 6.00-8.00 цаг хүртэл үнэ төлбөргүйгээр иргэд хөдөлмөрчдөд ашиглуулж, биеийн тамираар хичээллэж, дасгал хөдөлгөөн хийхийг уриалж эхэллээ.


Тус ажил нь Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэхийн ач холбогдлыг ойлгуулах, спортод ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой аж.

Холбоотой мэдээ