ӨВӨРХАНГАЙ: Б.Дэлгэрмаа багш дааж авсан анги бүрээ "Хүмүүн бичиг"-ээр сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-15 12:45:54

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улсын тэргүүний “Орхон” сургуулийн Б.Дэлгэрмаа багштай 10в ангийн  хамт олон 2019 оноос эхлэн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншиж байна.

“Үгчлэн дуудаж, Үсэгчлэн бичиглэж, Сударлан дэлгэрүүлье” уриаг ангиараа дэвшүүлж, үндэсний хэл бичгээ түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уралдаан, тэмцээнд манлайлан оролцдог нь тус анги хамт олны онцлог юм. Тухайлбал, цахим орчинд сурагчид “Чимээ” арр ашиглан нэг нэгэндээ мэндчилгээ дэвшүүлэх, хоорондоо зурвас бичих зэргээр үндэсний хэл бичгээрээ бахархах  олон ажлыг санаачлан хийдэг аж.


10в ангид бийрийн бичвэрээр хичээллэдэг зургаан сурагч байдгаас гадна Г.Билгүүнтөгс, М.Ариунзаяа, А.Энхжаргал, А.Болортуяа, О.Номин-Эрдэнэ, Г.Баасанжаргал, М.Долгорсүрэн, А.Мөнгөнтуяа зэрэг олон сурагч уншлагын төрлөөр зөв хичээнгүй, хурдан уншиж сурсан байна.

Б.Дэлгэрмаа багш өмнө нь дааж авсан 12б ангиа 2012 оноос эхлэн “Хүмүүн бичиг” сониныг захиалуулан уншуулж сургасан бөгөөд уг сониныг захиалснаар үндэсний хэл бичгийн мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ сонины дугаар бүрд гарах хичээнгүй бичиг, цаг үеийн мэдээ, спортын сонирхолтой мэдээ мэдээллийг уншиж уншлагын чадвараа ахиулах ач холбогдолтойг онцлон хэлэв.

Тэрбээр “Дэлхийд цор ганц босоо бичгээрээ бичье, уншъя, хэрэглэе, хайрлан хамгаалъя, түгээн дэлгэрүүлье хэмээн нийт багш, сурагчдаа уриаллаа. ­

Холбоотой мэдээ