Израилын компани “3D-принтер” ашиглан загасны мах үйлдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2023-04-20 14:53:08

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Лабораторийн нөхцөлд хиймэл мах бэлтгэх чиглэлээр мэргэшсэн Израилын "Stakeholder Foods" компани дэлхийд анх удаа “3D-хэвлэх” технологийг ашиглан загасны мах бүтээжээ.


Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Реховот хотод орших тус компанийн үйлдвэрлэлийн талбарт лхагва гарагт зочилж, шинэлэг бүтээгдэхүүнийг амталж үзсэн талаар түүний ажлын алба мэдээлсэн байна.


Б.Нетаньяхугийн ажлын албанаас мэдээлснээр, “Stakeholder Foods” нь мал нядлахгүйгээр лабораторид жинхэнэ махан бүтээгдэхүүн бэлтгэж байна. "Өнөөдөр дэлхийд анх удаа тус компани загасны махны үйлдвэрлэлд “3D-принтер” ашиглаж эхэллээ. Ерөнхий сайд лабораторийн нөхцөлд бэлтгэсэн загасны махыг амталж, төрөл бүрийн принтерийг үзэж сонирхлоо" гэж мэдээлжээ.


Тус компанид зочлох үеэрээ Б.Нетаньяху "дэлхий даяар хүний хүнсний үйлдвэрлэлд хувьсгал өрнөж байгаа бөгөөд Израил бол хиймэл мах ургуулах  чиглэлээр судалгаа, бизнесээрээ дэлхийд тэргүүлэгч улс" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.


Тэрбээр мөн хэлэхдээ, Израилын Засгийн газар нь компаниуд бизнесээ урагшлуулах, технологийн манлайллаа хадгалах, хөгжүүлэхэд тусалж дэмжихээр ажиллаж байна гэжээ.


“Өнөөдөр бид загасны махаар бэлтгээгүй загас, үхрийн махаар бэлтгээгүй мах идлээ. Энэ бол хувьсгал юм. Израил улс хиймэл мах ургуулах технологиор дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд бид энэ манлайллыг үргэлжлүүлнэ. Удахгүй ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ зөвшөөрөл, мөн дэлхийг өөрчлөх шинэ шинэ санаачилгууд гарна” гэж Б.Нетаньяху мэдэгджээ. 


Холбоотой мэдээ