ТӨВ: Б.Наранхүү: Дахивар бол хог биш мөнгө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Зуунмод сумын 3 багт дахивар бүтээгдэхүүн худалдан авдаг цэгтэй болжээ. Энэ талаар Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГ-ын мэргэжилтэн Б.Наранхүүгээс тодрууллаа.
-Дахивар
бүтээгдэхүүнийг худалдан авч байгаагийн зорилго нь юу вэ? Боловсруулах үйлдвэр
байгаа юу?
-Дахивар бүтээгдэхүүн боловсруулдаг Зуунмод сумын Баянхошуу 3-р багт 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Эко зоргол” ХХК-тай хамтран ажиллах зорилгоор тус цэгүүдийг байршуулж эхэлсэн. Иргэдэд хогоо ангилж хаях, дахин боловсруулах боломжтой хог хаягдал нь мөнгө болох боломжтой юм шүү гэдгийг ойлгуулахын тулд тус ажлыг эхлүүлсэн.
Анх Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл “Эко зоргол” ХХК-д түүхий эд нийлүүлэх, иргэд тодорхой хэмжээний өрхийн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм байна гэдгийг бидэнд хэлсэн. Ингэснээр иргэд компани руу өөрсдийн биеэр очиж түүхий эдийг тушаах боломжгүй гэдгийг ойлгон, гэрт нь ойр байхаар төлөвлөж багуудад дахивар бүтээгдэхүүн худалдан авах цэгийг байршуулсан. Өнөөдрийн байдлаар Зуунмод сумын Номт 1-р баг, Ланс 2-р баг, Нацагдорж 5-р багт тус тус байрлуулсан.
-Дахивар
бүтээгдэхүүн худалдан авах цэг байгуулснаар ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ?
-Дахивар бүтээгдэхүүн худалдан авах цэгт компанийн ажилчид биш иргэд сууж худалдан авалт хийх юм. Жишээлбэл, Иргэн А өөрт байгаа гурван зуун мянган төгрөгөөр дахивар бүтээгдэхүүн худалдан авсан. Тэгэхдээ ундааны савыг 1кг-ыг нь 150 төгрөгөөр худалдаж авсан бол үйлдвэрт 200-300 төгрөгийн хооронд худалдаж ашиг орлого олох, өөрийгөө цалинжуулах боломжтой юм. Мөн тогтмол цалин орлоготой байхыг хүссэн тохиолдолд компанитай гэрээ байгуулан ажиллаж болох ба тогтмол бус олсон орлогоос хувь хүртэж байхаар ч зохицуулж болно. Энэ төрлийн харилцаа нь ажилтан компани хоёрын хоорондын асуудал бөгөөд бид бол гүйцэтгэгч бус холбон зуучлагч юм.
-Иргэд
хэр их дахивар бүтээгдэхүүн өгч байна?
-Энэ ажил эхлээд 5 хоног болж байна. Хамгийн сайн ажиллаж байгаа тогтсон ажилтантай болсон цэг бол Нацагдорж 5-р баг. Тус багийн хувьд л гэхэд 3 хоногийн дотор 150 гаруй мянган төгрөгийн худалдан авалт хийсэн талаар бидэнд мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар тус цэгийг мэдэхгүй байгаа, хүргэж өгөх боломжгүй хүмүүс их байгаа юм билээ. Иймд бид бусдад түгээх, таниулах тал дээр анхааран ажиллаж цахим орчинд нэгнийгээ дуудах, уриалах “Дахивар бол хог биш мөнгө” аяныг эхлүүлээд байна.