Гаалийн төв лаборатори экспорт, импортын 20 гаруй бүтээгдэхүүн, түүхий эдийг шинжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-04-21 16:20:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын Гаалийн төв лаборатори өнөөдрийн байдлаар эрдэс түүхий эд, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн, химийн болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа, тамхи, тамхин бүтээгдэхүүн, ноос ноолуур, малын гаралтай ширхэгт материалын шинжилгээ хийж байна.


2021 онд тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийснээр Гаалийн төв лабораторийн барилга ашиглалтад орж, орчин үеийн өндөр бүтээмжит, автомат, дэвшилтэт технологид суурилсан олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Тус лабораторийн үйл ажиллагаатай бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон мэргэжлийн бусад лабораторийн мэргэжилтнүүд өнөөдөр танилцав.


Жил бүрийн 4 дүгээр сарын 23-нд тохиодог Олон улсын лабораторийн өдрийг угтан Итгэмжлэгдсэн лабораторийн зөвлөлөөс Гаалийн төв лабораторитой танилцах, туршлага судлах аяллыг зохион байгууллаа. Энд 40 орчим лабораторийн эрхлэгч, менежерүүд оролцов.


Гаалийн төв лаборатори нь 1996 онд үүсгэн байгуулагдаж, 2003 оноос үндэсний итгэмжлэлд, 2023 оноос Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага ILAC-н гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS итгэмжлэлд хамрагджээ. 

Холбоотой мэдээ