ӨВӨРХАНГАЙ: Аймгаас тариаланчдад хүлэмжийн болон үрийн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-25 15:17:05

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас газар тариалан эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 

 

2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан тус салбарынханд хэлэлцэх зүйл их байгаа аж. Учир нь зорилтот жилийн гол ажлууд нь газар тариалан, өрхийн аж ахуй эрхлэгчид, хүнс үйлдвэрлэгчдэд чиглэж байна.

 

Одоогоор аймгийн хэмжээнд хүлэмжийн 1.2 га талбайд үйлдвэрлэл явуулж, 238.5 тонн ургац хураан авсан. Цаашид хүнсний болон нарийн ногооны тарилтыг нэмэгдүүлэхийн тулд аймгаас тариаланчдад хүлэмжийн болон үрийн дэмжлэг үзүүлэх юм. 


2023 оны хаврын тариалалтад зориулж, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлөх ба нэг суманд хоёр хүлэмжийг нийлүүлэхээр төлөвлөсөн байна. 



Мөн аймгийн хэмжээнд 1055.5 тн багтаамжтай 34 зоорь байгааг нэмэгдүүлж, Арвайхээр суманд хүнсний ногооны төрөлжсөн бүрэн автомат зоорь барих, атаршсан 8323.8 га талбай байгаагаас энэ жил 832.3 га талбайг эргэлтэд оруулах, усалгааны системийг сайжруулах зэрэг олон ажлыг тус салбарт төлөвлөжээ. 


Зөвлөгөөнд 19 сумын удирдлага, хөдөө аж ахуйн тасгийн бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, сумдын тариалан эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 120 орчим хүн оролцлоо. 

Холбоотой мэдээ