Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 дахин өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-24 09:46:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 (2.2 дахин) их наяд төгрөгөөр өслөө.


Үүнд уул уурхай олборлолт 4.2 (2.8 дахин) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 212.5 (24.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн 3 дугаар сарын мэдээлэлд тэмдэглэжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 6.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.2 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 3.4 (9.3 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 510.5 (27 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хайлуур жонш, зэсийн баяжмал, хүрэн нүүрс, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, газрын тос олборлолтын биет хэмжээ 14.9 хувиас 32.8 дахин өсөж, харин цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр өмнөх оныхоос 15.6–66.3 хувиар буурчээ.


Боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, 99 хувь, цэвэр спирт, ус, ундаа, жүүс, шингэн сүү, гурил, янжуур тамхи, малын мах, металл бэлдэц, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 4.9 хувиас 59.5 дахин өсөж, харин цагаан архи, шохой, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, нүүрсэн шахмал түлш, самнасан ноолуур, амны хаалт, гар ариутгагч зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3-98.5 хувиар буурсан байна.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 3 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 (2.1 дахин) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 5.3 (2.5 дахин) их наяд, боловсруулах салбарын борлуулалт 280.9 (25.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 5.3 (2.5 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 4.3 (6.9 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 576.1 (21.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Холбоотой мэдээ