“Долоогийн бүлэг”-ийн сайд нар хиймэл оюун ухааны талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-26 09:16:49

ТОКИО. /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар Японы Такасаки хотноо бямба гарагт эхлэх уулзалтынхаа үеэр хиймэл оюун ухааны эрсдэл, сорилтуудын талаар хэлэлцэнэ. "ChatGPT" зэрэг программуудын хэрэглээ өсөж, хил дамнасан мэдээлэл солилцох талаар мэтгэлцээн ширүүсэж байгаа үед сайд нар энэ асуудлыг хэлэлцэх гэж байна. 


Уулзалтын хамтарсан мэдэгдлийн төсөлд дурдсанаар, хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжил нь нийгэмд томоохон нөлөө үзүүлж байгааг онцлоод, буруу ташаа мэдээлэл агуулсан бичвэр, зургийг боловсруулж болзошгүйг анхааруулжээ.


Иймд хиймэл оюун ухааны эрсдэл, үр нөлөөг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд судлах хэрэгтэй хэмээн дурдсан байна. Сайд нар мөн хиймэл оюун ухааныг зүй зохистой хэрэглэхэд зориулсан удирдамж боловсруулахыг зорьж байгааг тэмдэглэжээ.


Түүнчлэн улс орнууд өөр өөр дүрэм журмыг дагаж мөрдөж байгаа нь хил дамнасан мэдээллийг ашиглах үед бизнес эрхлэгчдэд саад тотгор болж байгааг цохон тэмдэглээд, талууд олон улсын дүрэм журмыг боловсруулахад хувь нэмрээ оруулах тогтолцоог бий болгох чиглэлд хүчин чармайлт гаргана хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ