Бат-Өлзийчүүд самарнаас олсон ашгаараа хүүхдийн цэцэрлэг барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2016-09-07 23:46:06

Хүүхдийн цэцэрлэг хүрэлцээ муутай байгаа энэ үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумынхан самарнаас олсон ашгаараа 75 хүүхдийн ортой цэцэрлэг барьж байна.

Тодруулбал өнгөрсөн намар иргэдийн самар түүж олсон орлогоос 800 сая төгрөгийн татвар сумын төсөвт хуримтлагдсан бөгөөд үүнээс 500 орчим сая төгрөгийг цэцэрлэг барихад зориулжээ. Нутгийн иргэд “байгалийн хишиг”-ээр босгож буй цэцэрлэгээ “Боргоцой” хэмээн нэрийдсэн байна. Цэцэрлэг 10 сарын 1-нд ашиглалтанд орно.

Бат-Өлзий сум нь 10 мянга гаруй хүн амтай, улсын хэмжээнд томоохон сумдын нэг бөгөөд  700 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстойгоос ердөө 360 хүүхдийг шинэ, хуучин хоёр цэцэрлэгтээ хамруулах боломжтой байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ