Японд хүүхдийн тоо 42 дахь жилдээ дараалан буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-05-05 10:35:15

ТОКИО. /Kyodo/. Японд хүүхдийн тоо 42 дахь жилдээ дараалан буурч, түүхэн доод үзүүлэлтээ дахин шинэчилснийг Засгийн газраас пүрэв гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.


Дотоод хэргийн яамны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 14 болон түүнээс доош насны хүүхдүүдийн тоо 14.35 саяд хүрсэн нь өмнөх жилийнхээс 300 мянга орчмоор буурсан үзүүлэлт болжээ.


Ингэснээр хүүхдүүдийн нийт хүн амд эзлэх хувь 0.2 хувиар бууран 11.5 хувьд хүрсэн нь энэ талаарх мэдээллийг 1950 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна.


Өнгөрсөн сард Засгийн газар хүүхдийг асран хамгаалах бодлогод хяналт тавих зорилгоор Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулсан бөгөөд хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй өрхийн санхүүгийн эх үүсвэрийг хангах зэрэг олон арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа ч ийм санаачлага нь буурсаар буй төрөлтийн түвшнийг нэмэгдүүлэхэд үр нөлөөтэй эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.


НҮБ-ын мэдээллээр, Япон улс нь 40 саяас дээш хүн амтай 36 орны дундаа хүүхдийн тоогоороо БНСУ /11.6 хувь/, Италийн /12.4 хувь/ араас хамгийн сүүлд жагсаж байна.


Хүйсээр нь авч үзвэл, Японд нийт хүүхдийн 7.35 сая нь хөвгүүд, 7 сая нь охид байгааг Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны мэдээлэл харуулжээ.


Японд хүүхдийн тоо 1954 онд 29.89 саяд буюу хамгийн дээд цэгтээ хүрч байсан бөгөөд 1982 оноос хойш тасралтгүй буурсаар байна.


Засгийн газраас өнгөрсөн 10 дугаар сард танилцуулсан тайлан мэдээллээр, улсын бүх 47 мужид хүүхдийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ. Түүнээс өмнөд нутгийн Окинавад хүүхдүүдийн хүн амд эзлэх хувь хамгийн өндөр /16.3 хувь/ байсан бол зүүн хойд нутгийн Акитад хамгийн бага /9.3 хувь/ байжээ. 

Холбоотой мэдээ