Италид гоймонгийн үнийн огцом өсөлтийг тусгай комиссоор хэлэлцүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-05-05 11:23:53

РОМ. /RIA Novosti/. Италид гоймонгийн үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан анх удаа тусгай комисс хуралдуулахаар болжээ.


Гоймонгийн үнийн огцом өсөлтөд цогц дүн шинжилгээ хийх зорилгоор саяхан байгуулсан уг комиссыг хуралдуулахыг Италийн Эдийн засгийн хөгжлийн сайд Адольфо Урсо пүрэв гарагт үүрэг болгожээ. Комиссын хурлыг тавдугаар сарын 11-нд товлосон байна. 


Албан ёсны мэдээллээр, итали үндэсний олон алдартай хоол хийхэд хэрэглэдэг гоймонгийн үнэ гуравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 17.5 хувиар өссөн байна. Улаан буудайн үр тариа, тэр дундаа гоймон хийдэг хатуу сортын үнэ ихээхэн буураад байгаа үед үнэ өсөж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.


Италийн Хэрэглэгчдийн үндэсний холбооноос мэдээлснээр, тус улсад 2021 оны зургаадугаар сараас хойш гоймонгийн үнэ нэмэгдсэн бөгөөд энэ хугацаанд 37 хувиар өссөн байна. 2022 оны дөрөвдүгээр сараас хойш Италийн хатуу сортын улаан буудайн үнэ 28.3 хувиар, Европын Холбооны (ЕХ) гишүүн бус орнуудаас импортолдог үр тариа 34.4 хувиар буурсан гэж Хөдөө аж ахуйн хүнсний зах зээлийн үйлчилгээний хүрээлэнгээс (Ismea) мэдээлжээ.


Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг өөр нэг байгууллага болох “Assoutenti” гуравдугаар сард Италийн янз бүрийн бүс нутаг, мужид гоймонгийн үнийн өсөлтийг нарийвчлан судалжээ. Судалгаагаар тус улсын олон бүс нутаг, мужид 1 кг гоймонгийн үнэ 2 еврогийн босгыг давсан нь тогтоогдсон байна. 


"Гоймон бол италичуудын хамгийн дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Жилд нэг хүнд ногдох хэрэглээ 23 орчим кг байдаг бөгөөд ийм өндөр үнэ нь хэрэглэгчдийн хэтэвчэнд ихээхэн нөлөөлөх нь ойлгомжтой” гэж “Assoutenti”-ийн ерөнхийлөгч Фурио Трузци хэлжээ. 

Холбоотой мэдээ