Хятадын Элчин сайдыг Канадын ГХЯ-нд дууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-05 15:50:55

ОТТАВА. /BBC/.  Хятадын дипломат ажилтан Канадын парламентын гишүүн болон түүний гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлэх хуйвалдаанд оролцсон гэж Канадын тагнуулын алба мэдэгдсэний дараа БНХАУ-аас Канадад суугаа Элчин сайд Цун Пэйуг Канадын Гадаад хэргийн яаманд дууджээ. 


Энэ талаар “The Globe and Mail” сонин пүрэв гарагт мэдээлсэн байна. Тус сонинд бичиж буйгаар, Канадын Аюулгүй байдал, тагнуулын алба (CSIS) хүний эрхийг зөрчиж байна хэмээн Бээжинг шүүмжилдэг, парламентын гишүүн М.Чонгод Хятад улс дарамт үзүүлэхийг оролдсон гэж үзэж байна. Майкл Чонг нь сөрөг хүчний Консерватив намаас сонгогдсон гишүүн аж. 


Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли улс орных нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг Оттава үл тэвчинэ гэдгийг Хятадын Элчин сайд Цун Пэйуд тайлбарлахыг дэд сайддаа үүрэг болгожээ. 


“Хүлээн зөвшөөрч боломгүй үйл явдал болсон байна. Иймэрхүү үйлдэл нь ямар үр дагаварт хүргэж болохыг тунгаах зуур Хятадын  дипломат ажилтнуудыг Канадаас хөөх хүртэлх боломжит бүх хувилбаруудыг бид судалж байна” гэж М.Жоли хэлсэн байна.


2021 онд М.Чонг нь Шинжааны уйгуруудыг хавчин мөрдөж байгаа нь хоморголон устгах үйлдэл мөн гэж хүлээн зөвшөөрөх саналыг парламентад оруулжээ. CSIS-ын тайланд дурдсанаар, энэ явдлаас хойш Хятадын тагнуулынхан М.Чонгийг, ялангуяа Хонконгт амьдардаг түүний  төрөл төрөгсдийг сонирхож эхэлсэн байна. Бээжин үүнийг үгүйсгэсэн боловч М.Чонгод хориг тавьжээ. 

Холбоотой мэдээ