Суданы сөргөлдөгч талууд шууд хэлэлцээгээ эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-07 12:15:51

ЭР-РИЯД. /Anadolu/. Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний төлөөлөгчид Саудын Арабад анхны нүүр тулсан хэлэлцээгээ эхлүүлжээ. 


“Сөргөлдөгч талуудын хэлэлцээ Жедда хотноо болж байна” гэж Саудын Арабын төрийн мэдлийн “SPA” агентлаг мэдээлсэн байна. 


Баасан гарагт Саудын Араб, АНУ олон зуун хүний амь насыг авч одсон мөргөлдөөнийг зогсоох зорилго бүхий “хэлэлцээний өмнөх яриа хэлэлцээ” эхэлснийг сайшаасан мэдэгдэл гаргасан юм. 


Саудын Араб-АНУ-ын хамтарсан мэдэгдэлд, Судан үндэстэн, ард түмний ашиг сонирхлыг харгалзан үзэж, гал зогсоох, мөргөлдөөнийг эцэс болгох хэлэлцээнд идэвхтэй оролцохыг сөргөлдөгч талуудад уриалсан байна. 


Суданы армийн командлагч Абдель Фаттах аль-Бурхан болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч Мохаммед Хамдан Дагало нар цэргийн аюулгүй байдлын шинэчлэлтэй холбоотой асуудлаар санал зөрөлдөж, улмаар дөрөвдүгээр сарын 15-нд мөргөлдөөн эхэлснээс хойш 550 гаруй хүн амь үрэгджээ.

Холбоотой мэдээ