III Чарльзыг хаан сэнтийд залах ёслолын хүндэтгэлийн концерт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-08 15:52:47

ЛОНДОН./ВВС/. III Чарльзыг хаан сэнтийд залах ёслолын хүндэтгэлийн концерт Виндзорын шилтгээний цэцэрлэгт хүрээлэнд ням гаргийн орой боллоо.


Энэхүү хүндэтгэлийн концертыг 20 мянган хүн шууд үзсэн бөгөөд тэд тоглолтын тасалбарыг бүх нийтийн сугалаагаар хожжээ.

III Чарльзыг хаан сэнтийд залах ёслолд зориулсан энэхүү тоглолтыг “BBC One” телевиз, “BBC Radio 2” радиогоор шууд дамжуулсан байна.


Уэльсийн хунтайж Уильям концертыг нээж үг хэлэхдээ, Чарльз хааны сүүлийн 50 жилийн амжилтыг онцолж “Аав аа, бид Танаараа маш их бахархаж байна” хэмээн хэлсэн байна.



Чарльз хаан, Камилла хатан хоёр хөх, цэнхэр өнгөөр ижилсэн хослол өмсөж, олон нийтэд даллан баяр хүргэж байлаа. Уэльсийн гүнж,  Ульям болон түүний том хүү хунтайж Жорж, гүнж Шарлотте нар хаан, хатны баруун гар талд суусан бол зүүн гар талд нь Эдинбургийн хунтайж, гүнж нар сууцгааж, тэдний арын эгнээнд Ерөнхий сайд Риши Сунак суусан байна.



Жүжигчин Хью Бонневилле (Паддингтон, Даунтон Абби киноны гол дүрд тоглосон) концерт эхэлснийг зарлаж, урлагт хайртай хаандаа талархаж буйгаа илэрхийлжээ.



Энэхүү концертод алдарт дуучин Андреа Бочелли, Сэр Брин Тервиль болон Лайонел Ричи, Олли Мерс, Кэти Перри нар дуулж, “Royal Shakespeare Company”, “Хаант улсын балет”, “Хаант улсын Соёлын коллеж”, "Хаант улсын Хөгжмийн коллеж”, "Хаант улсын Дуурь-ийн хамт олон уран бүтээлээ толилуулжээ.



Түүнчлэн Британийн домогт жүжигчин Жоан Коллинз, Пирс Броснан, Том Круиз зэрэг олон жүжигчин, дуучин дүрс бичлэгээр мэндчилгээ илгээжээ.



Концертын үеэр анх удаа олон байршилд 1000 дронын үзүүлбэр болсныг тодруулбал, Кардифт 140 метрын урттай Уэльшийн лууг дүрсэлсэн бол Корнуоллын “Eden Project”-ын дээгүүр усан дуслууд, амьтны дүрсүүдийг үзүүлжээ.


Концертыг "Take That" хамтлаг Виндзорын шилтгээний Гэгээн Жоржийн сүмийн найрал дуучдын хамт “Never Forget” дуугаараа өндөрлөсөн байна.




Холбоотой мэдээ