БАЯНХОНГОР: “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдэг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-10 10:04:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр”-ийг тохиолдуулан нэр бүхий багш нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр шагнасныг аймгийн Засаг дарга бөгөөд Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Д.Мөнхсайхан гардуулан өглөө.


Эх хэл, үндэсний бичгийн сургалтад онцгой анхаарч, сургалтын технологийг шинэчлэх, сургалтын цөм хөтөлбөр, арга зүйн боловсруулалтыг чанартай хийх, багшийн хөгжлийг хангах, судалгаа шинжилгээ хийх, заах арга зүй, ур чадвараа дээшлүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлан, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үр бүтээлтэй ажилласан амжилт гавьяаг ийнхүү үнэлж, 

- Номундалай цогцолбор сургуулийн МХБУЗ-ын багш Баатар овогтой Оюунчимэг /Ардын БТА, аймгийн Тэргүүний ажилтан, Боловсрол судлалын магистр, тэргүүлэх зэрэгтэй боловсролын салбарт тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна/

- Номундалай цогцолбор сургуулийн МХБУЗ-ын багш Гэндэн овогтой Тойвгоо  /Ардын БТА, аймгийн ИТХ-ын Соёрхол одонт, тэргүүлэх зэрэгтэй, боловсролын салбарт тасралтгүй 28 дахь жилдээ ажиллаж байна/

- Номгон сургуулийн МХБУЗ-ын багш Гэндэн овогтой Энхмаа/ Ардын БТА, Боловсрол судлалын магистр, тэргүүлэх зэрэгтэй, боловсролын салбарт тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж байна/

- Богд сумын ЕБС-ийн МХБУЗ-ын багш Лхагва овогтой Эрдэнэчимэг /Ардын БТА, тэргүүлэх зэрэгтэй, боловсролын салбарт тасралтгүй 29 дэх жилдээ ажиллаж байна/

- Баянлиг сумын ЕБС-ийн МХБУЗ-ын багш Ломбо овогтой Долгормаа /Ардын БТА, тэргүүлэх зэрэгтэй, боловсролын салбарт тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна/ нарыг шагнажээ.


Дээрх багш нар улс, аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулагддаг Монгол хэл, бичгийн анги нийтийн олимпиад, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан, “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч” улсын уралдаан, “Тэргүүний уншигч” шалгаруулах улсын уралдаануудад тогтмол сайн амжилттай оролцож, анги хамт олныг хөгжүүлэхэд онцгой анхаарч, сурлагын хоцрогдлыг бууруулж, идэвх санаачилгатай ажилладаг Тэргүүний багш нар юм.

Холбоотой мэдээ