Морин хуурын чуулга Архангай аймагт бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-11 14:53:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Соёлын сэргэлт” аяны хангайн бүсийн нээлт Архангай аймагт өнөөдөр боллоо.


Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, энэ хүрээнд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 21 аймаг, 330 суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг эхлүүлээд буй.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг соёлын салбарт хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архангай аймгийн Соёл, урлагийн газар үндэсний нэгдмэл зүйл буюу олон нийтийг соён гэгээрүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн онцлог бүхий брэндингийг бий болгох, соёлын үйл ажиллагаа явуулдаг ТББ болон иргэдтэй хамтран соёлын олон талт ажлыг зохион байгуулж байна.


“Соёлын сэргэлт” аяныг нээж Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэхдээ, “Архангай аймаг бол эртний нүүдэлчдийн бүтээн туурвиж үлдээсэн түүх, соёлын дурсгал, тэр дундаа төрт улсын түүхэнд холбогдох олон мянган дурсгалыг хадгалж байгаа голомт нутаг билээ. Манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн, шинжээчид Монгол Улсаас Дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор өв"-ийг уг жагсаалтад бүртгэхэд шийдвэрлэх нөлөөтэй байдаг техникийн үнэлгээ хийсэн шинжээчдийн “бүртгэх боломжтой” гэсэн дүгнэлт гарсан талаарх мэдээллийг бид урд шөнө хүлээн авлаа. Энэхүү өвийг төлөөлөх гол дурсгал нь Архангай аймгийн Ихтамир сумын Баянцагааны хөндий, Өндөр-Улаан сумын Жаргалтын амны цогцолбор дурсгал байгааг хэлэхэд таатай байна. Хэдэн зуун жилийн турш хүн төрөлхтөний соёлын нандин өвийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөх хэмжээнд хадгалж хамгаалж ирсэнд нь энэ ташрамд талархал илэрхийлж байна гэлээ.

Архангай аймгийн Хөгжимт драмын театрт судлаач, зохиолч Г.Бадамсамбуу “Монголчуудын үнэт зүйл, үндэсний нэгдмэл зүйл” лекц уншлаа.

Энэ үеэр Улсын филармони болон Морин хуурын чуулга үзэгчдэдээ бүрэн хэмжээний тоглолтоо толилуулав. 







Холбоотой мэдээ