Хөрөнгө оруулалт ба урт хугацааны өгөөж
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын хувьд 2011 он бол түүхэнд байгаагүй эдийн засгийн өндөр үзүүлэлттэй жил байсан. Уул уурхайн салбар буюу алт, зэсээс гол орлого төвлөрч байсан Монгол Улсын хувьд тухайн жил нүүрсний үнэ нэмэгдэж, экспорт, гадаад валютын урсгал эрс өсөж, эдийн засагт халалт үүссэн оргил үе гэж хэлж болно.
Хүн бүрт 70 мянган төгрөг тарааж байсныг тухайн үед хуримтлал үүсгэж хадгалсан
бол өнөөдөр эдийн засагт зөөлөвч болох байсан гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тодруулбал, тухайн
жилд 4.6 тэрбум ам.долларын
хөрөнгө орж ирснээр эдийн засаг эрс өсөж, 17
хувьд хүрч байв.
Үнэндээ нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр
өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа ч энэ нь хэтийн амжилт
биш, түр зуурын үзэгдэл гэдэгт монголчууд санал нэгддэг. Их хэмжээний мөнгө эргэлдэх уул уурхайн салбарын хувьд баялгийн өгөөж
нь энэ хэдэн жилд мэдэгдсэнгүй. Нүдэнд үзэгдэж, гарт баригдтал мэдрэгдээгүй
өгөөжийн гол үр нөлөө нь нэмүү өртөг шингээгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Тиймээс
Монгол Улс зөвхөн уул уурхайдаа дулдуйдахгүйгээр бусад салбараа жигд
хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, хөрөнгө оруулалтын бодлого-төлөвлөлтийг
боловсронгуй болгох нь чухал гэдгийг гадны шинжээчид онцолдог. Гадаадын хөрөнгө
оруулалт төвлөрч буй уул уурхайн салбарын хувьд хөрөнгө оруулагч болон Монгол
Улсад харилцан ашигтай байх, стандартын технологи, стандартын гэрээ хэлцлийг
хийх зарчим руу явах нь зүйтэй байгаа. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар, Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь
хэмжээ дараагийн 10 жилд буурахгүй, учир нь Монгол Улсын экспортолж буй бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлттэй байгаа хэмээн дурдсан. Тиймээс ирэх 10 жилд нүүрсний хэрэглээнд өөрчлөлт гарахгүй ч, 2030 оноос нүүрсний
эрэлт буурч, энэ нь Монголын эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ хэмээн үзжээ. Иймд энэ салбараас орж ирж буй орлогыг зөв, зохистой зарцуулах, хуримтлуулах,
арвижуулах нь чухлаар тавигдана.
Үнэндээ бид үйлдвэрлэгч орон биш. Энэ утгаараа эдийн засгаа төрөлжүүлж, тэлэх гол хөшүүргийг гадаадын шууд хөрөнгө оруулалт тавих нь мэдээж. Дийлэнх хөрөнгө оруулалтууд уул уурхайн салбарт төвлөрч байгаа. Монгол Улс өнөөдөр Хөрөнгө оруулалтын ганцхан гэрээтэй суугаа. Энэ нь "Оюутолгой"-н гэрээ. Эл төсөл шиг хэдэн 10 хөрөнгө оруулалтын гэрээг бүх салбартаа хийх нь энэ цаг үеийн шилдэг хувилбар гэдгийг эдийн засагчид тодотгодог.
Хөрөнгө оруулалтын томоохон гэрээ нь Монголын эдийн засгийг тэлэх нь дамжиггүй.
Гэхдээ өмнөх алдаагаа засаж Баялгийн сангийн талаарх дэлхийн шилдэг туршлагуудаас жишээ авах нь зүйтэй
гэдгийг Дэлхийн банкнаас бидэнд сануулж буй. Нэр бүхий
гишүүд 2021 онд Хөрөнгө оруулалтын тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч өнөөг хүртэл шийдэлд
хүрсэнгүй. Үнэндээ ямар ч улс орны хувьд эрдэс баялгийн
орлогоо зөв удирдаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэддээ тэгш
хуваарилахыг хичээдэг. Харин тэд үүнийг гүйцэлдүүлэхдээ урт хугацааны өгөөжийг нэмэгдүүлэх замаар үүссэн хуримтлалаа өсгөж, улс
орноо өөд нь татдаг. Тухайлбал, дэлхийн хамгийн их хуримтлалтай
Норвеги, Чили гэхэд Үндэсний баялгийн сангуудаараа дамжуулан үйл ажиллагааг нь Төвбанк нь удирддаг бол Кувейт Азербайжанд шинээр корпорац байгуулан баялгийн сангийн үйл ажиллагаагаа тэлж байна. Норвегийн хувьд бүх
орлогоо баялгийн сандаа төвлөрүүлсний дараа 4 хувийг улсын төсөвтөө
шилжүүлж хуваарилалт хийх зарчмаар ажилладаг бол Японд
хуримтлалаа өсгөхийн тулд хөрөнгө оруулалт хийх замаар зээл олгож баяжуулдаг
аж.
Эдүгээ байгалийн нөөцтэй 50 орчим улс 70 гаруй баялгийн сан байгуулан ажиллаж буй бөгөөд эдгээр сангийн нийт хөрөнгө 2020 оны байдлаар 7.94 их наяд ам.доллараас давсан дүн мэдээ бий. Газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэн дэлхийн анхны баялгийн санг байгуулсан Кувейт улсын хөрөнгө оруулалтын сан 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар 738 тэрбум ам.долларт хүрчээ. Тэд байгалийн баялгаа ийнхүү өсгөж байна. Үнэндээ гадны улс орнууд хөрөнгөжсөн үедээ баялгаа хуримтлуулж хүч тарамдсан үедээ хэрэглэх зорилгоор баялгийн сан байгуулдаг жишигтэй.
Харин манай улсын хувьд уул уурхайгаас орж ирэх орлогыг зөв зарцуулж, хуримтлал үүсгэх
зохицуулалтын дөрвөн сан байгуулсан ч нэг нь ч ашгаа өгөөгүй. Тодруулбал, 2008-2009 онд “Монгол Улсыг хөгжүүлэх сан”, 2009-2016
онд “Хүний хөгжил сан”, 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар
“Төсвийн тогтворжуулалтын сан”, 2017 онд “Ирээдүйн өв сан”-г байгуулсан ч эх үүсвэрийн хувьд хасах данстай жирийсэн сангууд эдүгээ хаагдаад
байна. Ийнхүү Монгол Улсын баялгийн санд хуримтлал үүсэхгүй хаагдаад байгаа гол
шалтгаан нь нэмж хөрөнгө орох боломжгүй хасах данстай явж ирсний уршиг
гэдгийг эдийн засагчид шүүмжилдэг.
Гэтэл гадны улс орнууд мөнгө зээлэх хэлбэрээр сангийн
хөрөнгөө зузаатгаж, хүүний мөнгөөр Хурдны галт тэрэгний сүлжээнээс эхлээд бүтээн байгуулалтууд өргөжсөөр байна. Хажууханд байгаа Казахстан улс л гэхэд байгалийн баялгаасаа “Үндэсний
сан” байгуулсан бөгөөд хуримтлалаасаа томоохон төсөл хөтөлбөрүүдээ
санхүүжүүлэн хөгжиж байна.
Энэ мэт улс орнуудын жишгээс үзвэл үндэсний баялгийн сангийн эх үүсвэр
ямар орлогод тулгуурлах вэ, хэнээр удирдуулах вэ гэдгээ сайтар тодорхойлж,
хуримтлалаа өсгөх, зарцуулах, хянах тогтолцоог бий болгоход анхаарч ирсэн
сайн туршлага байна. Дэлхийн сайн жишиг болох Норвегийн
сан гэхэд газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээс орж ирэх татвар дээр
тулгуурлаж ирсэн бөгөөд тэд ирээдүй хойч үедээ баялгийн сангийн хөрөнгийг
үлдээхийн зэрэгцээ одоогийн иргэд ч хүртэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг
байна. Харин ил тод байдлаараа Чилийн баялгийн сан ялгардаг бөгөөд уул уурхайн
салбарын орлогыг төсөвт оруулж төсвийн илүүдлээсээ сангууддаа хуваарилалт
хийж иржээ.
Харин манай улсын хувьд баялгийн хариуцлагатай үр
нөлөө бүхий засаглалыг бэхжүүлэх, байгалийн баялгийн орлого сангийн эх үүсвэр
хэмээн хуульчилсан ч орлогын төвлөрөлт, хуримтлал өсгөх явцын талаарх
нарийвчилсан заалтгүй байгаа. Тиймээс дээрх алдаанаасаа сургамж авч, хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй стратегийн томоохон төслүүддээ татаж, урт хугацааны
өгөөжөө баялгийн сангаар дамжуулан бий болгох нь чухал байгааг мэргэжилтнүүд онцолж байна.