СҮХБААТАР: Энэ онд 350-400 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-13 15:55:14

Баруун-Урт /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих аяны нээлт өнөөдөр боллоо. Сүхбаатар аймаг энэ онд 350-400 мянган мод шинээр тарих зорилт дэвшүүлсэн. Мөн нийт 85 га талбайд ойн зурвас байгуулах, ойн цэвэрлэгээний ажлуудыг хийхээр төлөвлөжээ.  


Сүхбаатар аймаг 2030 он хүртэл 10 сая мод тарина. Улс орон нутгийн төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрөөр энэ хугацаанд тэрбум гаруй төгрөгийг зөвхөн ногоон байгууламжид зарцуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, Баруун-Урт суманд 10 га, Түмэнцогт суманд 30 га, Дарьганга суманд хоёр хэсэг газарт нийт 40 га талбайд нөхөн тарилт, ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлыг хийнэ. Мөн сум бүрд ойжуулалтын зурвас байгуулах талбайг газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр баталсан гэдгийг аймгийн БОАЖГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Нямхүү хэллээ.


Аяны нээлт, бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд албан байгууллагын ажилтан тус бүр 10 ширхэг мод тарих хөдөлгөөнд нэгдэж, байгууллагууд хуваарьт газраа мод тарилаа. Мөн нөхөн тарилт, усалгаа, модны тогоог томосгох, ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх зэрэг ажлыг давхар хийж гүйцэтгэлээ.

Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд 300 мянган мод тарьсан бөгөөд нийт модны 80 гаруй хувь нь ургажээ. 


Холбоотой мэдээ