СҮХБААТАР: “Нутгийн сүү” сүүний үйлдвэрийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-23 09:05:08

Баруун-Урт, 20205 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өдөрт нэг тонн сүү боловсруулах хүчин чадалтай сүүний үйлдвэрийг Сүхбаатар аймагт шинээр байгуулж ашиглалтад орууллаа. Ингэснээр орон нутгийн иргэдийг эрүүл, стандартын шаардлага хангасан сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, малчдыг дэмжих, ЕБС-д "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

 

Энэхүү үйлдвэр нь Сүхбаатар аймгийн анхны үйлдвэр гэдгээрээ онцлог бөгөөд жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулна. Тус үйлдвэр нь одоогоор цэвэршүүлсэн сүү, өрөм, элгэн тараг, зөөхий зэрэг 4-5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх зорилготой. Түүхий эд болох сүүний эрэлт маш их бий. Одоогоор сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг есөн хоршоо нэгдэн дундын хоршоог байгуулж сүүгээ үйлдвэртээ нийлүүлж эхэлжээ. Мөн малчдаас сүүг нь худалдан авч байна. Нийлүүлэлтийг тасалдуулахгүйн тулд хоршоод, фермерийг төрөөс бодлогоор дэмжиж, үйлдвэрийн байнгын үйл ажиллагааг дэмжих юм.



Үйлдвэрийн бэлтгэл, хөрөнгө оруулалтын ажлууд гээд багагүй хугацааны дараа бид үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Цаашид тогтвртой, нийт хүн амд хүрч ажилладаг болохын тулд урт хугацааны тогтвортой бодлого шаардлагатай. Хөрөнгө мөнгөнөөс гадна, малчид фермер дундын хоршоодынхоо үйл ажиллагааг дэмжих нь нэн чухал. Энэ бол түүхий эд болох сүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх хамгийн чухал асуудал. Тиймээс хоршоод үнээний тоо, сүүний гарцаа нэмэгдүүлэхэд анхаарахаас гадна тэдэнд ногоон тэжээлийг хямд өртгөөр нийлүүлэх, өөрсдөө бие даан тариалах зэрэг боломжийг олгоход төр анхаарч ажиллана гэж аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Г.Мөнхзаяа ярилаа.


Уг үйлдвэр нь Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн харьяанд ажиллана. Тиймээс паркаар дамжуулж малчид, хоршоодыг татах, нэгтгэх, дэмжих ажлуудыг хийнэ. Аймгийн төвийн өрх бүр өглөө болгон орон нутгийнхаа шинэ сүүг хэрэглэж, сурагчид хичээл дээрээ сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой боллоо. Цаашид аймгийн хэмжээнд хэрэглэгчдэд хүрч, мөн бүх сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд "Сүү" хөтөлөрөө хэрэгжүүлэх том зорилго бидэнд бий гэдгийг Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн паркийн гүйцэтгэх захирал Т.Ихбаяр ярилаа.


Сүхбаатар аймаг ЕБС-ийн бүх сурагчдаа "Сүү" хөтөлбөрт хамруулахыг зорьж, 2025 хөгжлийн төлөвлөгөөнд "Хүүхэд бүрд сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Тэгвэл энэхүү сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар "Сүү" хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм. Эхний ээлжид Баруун-Урт сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдыг долоо хоногийн гурван өдөр сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангана. Энэ зардлыг сумын ИТХ-аас жил бүр батлах юм. Энэ жилийн төсөв тодорхой санхүүжилтийг тусгасан. Тиймээс тун удахгүй сурагчид сүү, сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэж эхэлнэ.



Үйлдвэрийн барилгыг улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан бол аймаг орон нутгаас 160 сая төгрөгөөр дэмжиж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Мөн НҮБн Хүүхдийн сангаас 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.


Мөн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар долоон байнгын ажлын байр шинээр бий болжээ.




 

Холбоотой мэдээ