ЗАВХАН: Иргэд хашаандаа гоёлын болон жимсний мод тарих сонирхол нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-17 11:43:36

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг энэ онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 500.000 мод тарих зорилт тавьж байна.  

Завхан аймаг хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулсан. 

Энэ жилийн мод тарих өдрийг угтаж, Улиастайд, тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг явууллаа. Үзэсгэлэн худалдаанд найман мэргэжлийн байгууллага, зургаан иргэн орон нутагт үржүүлсэн үр, тарьц, суулгац, тасалгааны цэцгийн ургамалтай оролцсон. Хоёр өдрийн хугацаанд 7240 ширхэг тарьц, суулгацыг борлуулж 24.6 сая төгрөгийн борлуулалтыг хийжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцсон мэргэжлийн байгууллага, иргэд өөрсдийн тарьц суулгацыг худалдан борлуулахаас гадна, мод тарих сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад тухайн үр, тарьц, суулгацын талаарх онцлог зөвлөмж мэдээллийг өгч, модоо хэрхэн арчилж ургуулах талаар зөвлөгөө өгч байв.  


Энэ жилийн тухайд, иргэд хувиараа мод тарих, хашаа, сууцныхаа гадна орчныг зүлэгжүүлэх, хашаандаа мод тарьж арчилж ургуулах ажлыг санаачилгатай хийж байгаа нь тарьц суулгацын худалдан авалтаас харагдаж байгаа нь сайшаалтай.

Түүнчлэн байгууллага, аж ахуйн нэгжүүд ч хамт олноороо нэрийн төгөлтэй болох, гадна орчноо тохижуулахад зориулж тарьц суулгацыг худалдан авч байна.



Аймгийн хэмжээнд 2022 онд тарьсан модны амьдралт 80 хувьтай байна. Иргэд, байгууллагууд тарьсан модоо өөрсдөө арчлан хамгаалж ургуулах идэвх санаачилга нь нэмэгдсэн байна. Иргэд хашаандаа гоёлын болон жимсний мод тарих сонирхол нэмэгдсэн нь энэ жилийн суулгац, тарьцын төрлөөс харагдаж байна.  

Мод тарих өдрийн хүрээнд аймгийн хэмжээнд 24 суманд нэгэн зэрэг өрнөж, тарьц суулгацыг суулгасан. Тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 32360 ширхэг мод, бут тарьсан дүнтэй байна. Хаврын мод тарих ажил үргэлжилж байна.


Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх.

Ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг бий.

Энэ зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.



Мөн мод тарих үндэсний өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж, иргэдэд эерэг дадлаа үлгэрлэхийг Завхан аймгийн нийт иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалж байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.  





Холбоотой мэдээ