ХОВД: Ховдын зохиолчид 6 шинэ ном туурвижээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-19 15:37:44

Жаргалант /МОНЦАМЭ/. Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг Ховд аймагт өргөн дэлгэр тэмдэглэж байна.  

УИХ-ын даргын ивээл дор 33 дахь жилдээ зохион байгуулж буй "Номын баяр"-ын үйл ажиллагаа өнөөдөр Ард Аюушийн талбайд нээлтээ хийсэн.

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, аймгийн “Оюун түлхүүр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэж байна. 

Монголын Зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь салбарт харьяалагдаж зохиол бүтээлээ туурвидаг аймгийн хэмжээнд 30 гаруй зохиолч бий. 2022-2023 онд Ховд аймагт аж төрж амьдардаг зохиолчдоос 4 зохиолч нь 6 ном шинээр гаргаж уншигчдын хүртээл болгосон байна. Энэ жил “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд"-ийн хүрээнд хүүхэд залуусыг номд дурлуулах, оюунлаг ирээдүйг бэлтгэх үүргийг чухалчилж, орон нутгийн зохиолчдын бүтээлийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байгаагаараа онцлогтой.   

Номын баярын үйл ажиллагаанд орон нутгийн хүүхэд залуучууд, иргэд, уншигчид өргөнөөр оролцож байгааг зохион байгуулагчид хэллээ. "Номын баяр" маргааш буюу 5 дугаар сарын 20-ны өдөр мөн  үргэлжилж, шинэ номын үзэсгэлэн гаргана. Уран бичлэгийн үзэсгэлэн, таних мэдэхүй, хөгжөөнт тэмцээн, зохиолч уншигчдын уулзалт зэрэг томоохон үйл ажиллагаанууд өрнөх юм.

 

Холбоотой мэдээ