УРЛАНГААР ЗОЧЛОХУЙ: ТЭНГЭРИЙН ТҮМЭН ӨНГӨ

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-05-19 17:07:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач Ч.Хүрэлбаатарын бие даасан үзэсгэлэнд саатав. Зураачтай нь биш, зургуудтай нь ярилцлаа...


Нэгэнтээ түүнээс “Та яаж ингэж?” хэмээн бодлогогүй асуулт асуухад “Бүтээлээ ярих хэцүү” гэж хэлсэн. Яг тийм. Бүтээл тайлбарлах хэцүү. Ялангуяа түүний бүтээлийг... Тийм ч учраас зураг бүрийг тайлбарлахаас илүүтэй дотооддоо хэрхэн бууснаар бичиглэх нь онох буй заа. Түүний бүтээлтэй хүн өөрөө ярилцаж, өөрийн эрхгүй дотор нь орж, өөрийн дотоодыг анирдаж, тийм гэхийн аргагүй ер бусын амгаланг мэдэрдэг... Магад тэр амгалангаас тайлбарлахад хэцүү тийм нэг сэтгэлийн хүч, эрчмийг авна.

/Үйл/

Бийр будгийн шидийг хэрхэн үзүүлэх нь хувь уран бүтээлчийн онцлогоос хамаарна. Хэдийчинээ бүтээлийнхээ гүнд нэвтэрнэ, төдийчинээ бусдын сэтгэлийг бүтээл дотроо уусган оруулна. Ийм чадварыг эзэмшиж чадаж гэмээнэ жинхэнэ уран бүтээлч болдог байх. Мэдээж тухайн хүний төрмөл өгөгдөл гэж атаархам нандин зүйл бий. Яг тийм л уран бүтээлчийн ертөнцөөр ороод гарах шиг болно, түүний урлан бүтээсэн зургийг үзвэл.  


Ч.Хүрэлбаатар зураач бол орчлон ертөнцийн төрх байдал хүмүүний сэтгэл зүрхний хөгтэй нарийн сэжмээр холбогдох торгон агшныг уран зургаар гайхамшигтай урлан үзүүлэх арга ухаанд гаршсан аж. Түүний бүтээлүүдийг хаанаас нь ч харсан “Энэ Ч.Хүрэлбаатарынх” гэж шууд л танигдана. Түүний ур, дотоод мөн чанар шууд л үзэгдэнэ.Тэрбээр маш олон бүтээлтэй, дийлэнх нь байгаль эхийн бүхий л өнгө янзыг өгүүлэхийн зэрэгцээ зураг бүрийн илэрхийлэмж нь тус тусын орон зайд хүргэх шид агуулсан байдаг. Өнгөц, зурвас хараад өнгөрөхөд нэгэн ижил хэв маягийн мэт боловч зураг тус бүр нь өөрийн гэсэн онцлог ертөнцөд тэрхэн зуурт л хүргэнэ...


Хэдэн жилийн өмнө түүний “Намрын дунд сарын арван долоон” хэмээх зураг шуугиулж байв. Одоо ч... Уяан дээрх морьдын цаахантай морьтой хүн цаашлана. Хайртай бүсгүйнхээ хуриман дээр ирээд буцахдаа сэтгэлээ урж, нурчихсан яваа залуу. Залуугийн доторхыг бага боловч ил гаргахын тулд нүүр царай, харц, магад нулимс гэх мэтээр тодруулах түмэн арга байсаар атал зургийн нэгээхэн зайд зүгээр л гудайлгаж дүрслээд л орхичихсон байдаг. Бүдэг бадагхан үзэгдэх хүний дүрс төдийхнөөс цөхрөл, харуусал, гуниг, сэтгэлийн шуургыг нь олж харна гэдэг зураачийн мэдрэмж ямар гүн гүнзгийг илтгэх хэрэг буй заа. Мөнхүү дүрийг намар оройн цасан хяруу буусан тал руу орж яваагаар дүрсэлсэн нь сэтгэлийн хоосрол, эзгүйрлийг нь давхар харуулсан мэт. Түүн лугаа, эсвэл тэс өмнөө мэдрэмж өгөх бүтээл “Дурлал”.


Дээрх жишээтэй харьцуулахад залуу хүүгийн дүр төрх яльгүй тод үзэгдэх агаад мөн л бодлыг нь уншчихмаар өгүүлэмжтэй. Хөх саарал манан хөглөрүүлснийг үзэхүл бодол сэтгэл нь ямар нэгэн тааварлашгүй зүйлд дарагдан буйг илтгэнэ.

/Дурлал/

...Юу юугүй л бороо цутгах гэж буй мэт сүрдмээр хүчирхэг өнгөт тэнгэр, хуйсагнан шуурахын өмнөх тоосны үнэр, нүцгэн талд нар унаад л ирэх шиг тэсэмгүй аагим халуун, аниргүй боловч сэтгэл гэгэлзүүлсэн намрын гунигтай бүүдгэр өдөр. Яг л мэдрэгдэнэ... Бийр будгаар ярина гэж тэр биз.


Тэнгэрийн үзэмж төгс янзууд нь түүний бүтээлүүдийн гол амин судас нь. Байгаль дэлхий, хөрөг зургийн өгүүлэмж нь ерөнхийдөө реалист чиг хандлагатай боловч хийсвэрлэлийн содон аяс сэм мэдрэгдэнэ. Бүтээлийн хэсэгхэн зайд л модот уулын зах, нилэнхүйд нь тэнгэрийг дүрсэлсэн ч өгүүлэмж нь асар тод буух нь орчлон ертөнцийн үзэгдэл, сүр хүч тийм агуу гэдгийг гайхуулах мэт. Өнгөрсөнд минь яг ийм дүр зураг, дурсамж бий ч юм шиг. Эсвэл яг тэр газар, тэр зурган дотор өөрөө зогсож байна уу гэлтэй.  Зурагаар хүний сэтгэлийг хөглөж, чингэхдээ ямар нэгэн бодолд эрхгүй автуулна гэдэг амаргүй. Гэвч уг зураач тийм амаргүйг бүтээсээр...


/Айсуй бороо/


Юуг нь ч гоёчлоогүй хэрнээ түүний бүтээлүүдээс гоо сайхны ерийн биш гэмээр гайхамшигт мэдрэмж урсана.  Зураач бодит ба бодит бусын холбоосонд хүний сэтгэлийг татан оруулаад орхичих мэт тулсан мэдрэмжийг өөрийн бүтээсэн сонгодог арга барилаар өгч чадах аж. Зурагт хэн нэгнийг дүрслээгүй боловч ямар нэгэн амьд дүр тэнд байгаа мэт сүнслэг оршихуйг гаргаж урлахдаа тэр гаргууд гэж хэлж болно.


Чойндонгийн Хүрэлбаатар 1979 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг, 1987 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Урлагийн Академийн уран зургийн ангийг тус тус дүүргэсэн. Байгаль эхийн үзэсгэлэн төгөлдөрийг тэнгэрийн түмэн янз өнгөтэй сүлж мэргэшсэн зураачийн бүтээлүүдээс тун цөөхнийг нь энд элдэв тайлбаргүйгээр нийтлэв. 


/Өвлийн зам/





Холбоотой мэдээ