G7: Украиныг дэмжиж, Орост шахалт үзүүлж, Хятадаас хамааралт байдлыг багасгана
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Япон, АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Итали гэсэн
эдийн засгийн өндөр хөгжилтэй 7 гүрний удирдагчид Хирошима хот дахь Энх тайвны
дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд очиж, 1945 оны 8 дугаар сард атомын бөмбөгдөлтөд
өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэснээр “Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний
уулзалт эхэллээ.
Дэлхийн II дайны төгсгөлд америкууд Хирошима хотод атомын бөмбөг хаясны улмаас 70-100
мянган хүн амиа алдсан бол хожим нь туяаны өвчин, хорт хавдар болон бусад
өвчний улмаас Хирошима, Нагасаки хотын нийт 500 мянга гаруй оршин суугч нас баржээ.
Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида саммитын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ “атомын бөмбөгдөлтийн хор уршиг, үр дагаврыг өөрийн нүдээр харж, бодит байдлын талаар зөв ойлголттой болох нь цөмийн зэвсгээс ангижрахад чиглэсэн аливаа хүчин чармайлтын эхний алхам болно” гэж мэдэгдэж байв. Ташрамд дурдахад, Хирошима бол Ерөнхий сайд Ф.Кишидагийн төрөлх хот бөгөөд тэрбээр энэ хотоос Японы парламентад сонгогдож байжээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг, амралтын өдрүүдэд болсон Хирошимагийн уулзалтанд
оролцох урилгыг Энэтхэг, Австрали, Бразил, Өмнөд Солонгос, Вьетнамаас гадна
АСЕАН-ыг даргалж буй Индонез, Номхон далайн арлуудын чуулга уулзалтыг даргалж
буй Кукийн арлууд, Африкийн Холбоог даргалж буй Коморын арлууд хүлээн авчээ.
Түүнчлэн НҮБ, ОУВС, Дэлхийн банк, ДЭМБ, ДХБ, Олон улсын эрчим хүчний агентлаг,
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Украины асуудлаарх Хамтарсан мэдэгдэл
Уулзалтын эхний өдөр буюу баасан гарагт “Долоогийн бүлэг"-ийн удирдагчид
Украины асуудлаар 11 зүйл бүхий хамтарсан мэдэгдлийг гаргав.
Мэдэгдэлд “Долоогийн бүлэг”-ийн орнууд Украиныг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсний сацуу
Орос улс НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйг зөрчиж буйг буруушаагаад, Оросын
цэргийг Украины нутгаас ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр бүрэн гаргахыг шаарджээ.
Украины цөмийн эрчим хүчний аюулгүй байдал, тэр дундаа
Запорожийн АЦС-ын аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа “Долоогийн бүлэг"-ийн удирдагчид илэрхийлээд, тухайн чиглэлд МАГАТЭ-гийн гаргаж буй хүчин
чармайлтыг дэмжжээ.
Украинд цэргийн ба
эдийн засгийн тусламжийг цаашид үзүүлэх бөгөөд ялангуяа эрчим хүчний дэд бүтцийг сэргээн
босгоход “Долоогийн бүлэг"-ийн орнууд онцгой анхаарна гэдгээ мэдэгдлээ. Ташрамд дурдахад, Украиныг сэргээн босгох асуудлаарх
Бага хурал ирэх 6 дугаар сарын сүүлчээр Лондонд болно.
Үүний зэрэгцээ Оросын эсрэг хоригийн бодлогоо цаашид үргэлжлүүлж, цэргийн
зорилгоор ашиглаж болох бүтээгдэхүүн, түүхий эдийг Орос руу экспортлоход тавих хоригийг улам чангатгана. Мөн эрчим хүчний эх үүсвэрүүд болон
төрөл бүрийн металл ба алмаазыг Оросоос худалдан авахаас татгалзах, Оросын түүхий
эдэд үнийн дээд хязгаар тогтоох бодлогоо үргэлжлүүлэхээр “Долоогийн бүлэг"-ийнхэн тохиролцсон байна. Мөн Оросын
цэргийн үйлдвэрлэлийг шууд болон шууд бусаар дэмжиж буй гуравдагч улсуудын
эсрэг арга хэмжээ авна гэдгээ “Долоогийн бүлэг" анхаарууллаа.
Түүнчлэн Оросын зүгээс Украинд учруулсан хохирлыг бүртгэх
ажлыг Европын Зөвлөлийн хүрээнд хэрэгжүүлж байгааг “Долоогийн бүлэг" сайшаагаад, Орос улс хохирлыг барагдуулах ёстой
гэдгийг мэдэгджээ.
Үүний хариуд Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров мэдэгдэхдээ
“Хирошимад гаргасан шийдвэрүүд нь Орос ба Хятадыг хязгаарлан барихад чиглэсэн
бөгөөд Барууныхны гол зорилго нь Орос хэмээх геополитикийн өрсөлдөгчөө зайлуулах явдал
болжээ” гэв. Мөн В.Зеленский саммитад оролцсон нь суртал ухуулгын шинжтэй шоу байсан гэдгийг Оросын сайд хэлсэн бол ОХУ-ын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд
“дэлхийд дэгдсэн хүнсний ба эрчим хүчний хямралын уг шалтгаан нь “Долоогийн бүлэг"-ийн авч буй хоригуудаас үүдэлтэй” гэжээ.
Хятадад өгсөн мессеж
Оролцогчид нийтдээ 10 удаа хуралдсаны эцэст Хирошимагийн
саммитын хоёр дахь өдөр буюу бямба гарагт 40 хуудас бүхий уулзалтын үр дүнгийн
талаарх Хамтарсан мэдэгдлийг гаргалаа. Уулзалтын гол сэдэв болох Украины
асуудалд ганцхан догол мөрийг зориулсан нь өмнө нь тухайн асуудлаар хамтарсан
мэдэгдэл гаргасантай холбоотой. Тодруулбал, “дипломатын, санхүүгийн, хүмүүнлэгийн болон цэргийн
тусламжийг Украинд үргэлжлүүлэн үзүүлэхийн зэрэгцээ Оросод болон тус улсыг дэмжиж буй орнуудад
учрах “гарз чирэгдлийг” улам нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авна" гэсэн өгүүлбэр Хамтарсан мэдэгдэлд оржээ.
“Долоогийн бүлэг"-ийн удирдагчид Энэтхэг-Номхон далайн бүс нутаг,
Тайванийн асуудлаарх өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлжээ. Тайванийн
хоолойд тогтвортой байдлыг хангах нь чухал гэдгийг тэмдэглэж, “Нэг Хятад”-ын
бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсний сацуу Хятад улс Өмнөд Хятадын тэнгист милитарчлах
бодлого явуулж буйг “Долоогийн бүлэг" буруушаажээ.
Мөн Хамтарсан мэдэгдлийн Хятадтай холбоотой хэсэгт “эдийн засгийн албадлага шахалтанд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх” гэдэг үгийг
оруулахдаа “Хятад” гэж шууд дурдаагүй боловч үүнд Хятадын тал дургүйцлээ илэрхийлж,
зохион байгуулагч Японы эрх баригчдад албан ёсны эсэргүүцлийн ноот
илгээсэн байна. БНХАУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд дурдахдаа “бусдын
эсрэг дур мэдэн хориг арга хэмжээ авч буй АНУ өөрөө албадан шахагч мөн”
гэжээ. Уг асуудлаар Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак хэлэхдээ “Хятад улс дэлхий нийтийн
аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэнд хамгийн том сорилт болж байна” гэсэн нь
даарин дээр давс нэмсэн хэрэг болж, асуудлыг улам хурцатгав.
Саммитын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгдэхдээ, “Долоогийн бүлэг"-ийн орнууд нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлснээр нэг улсаас хамааралтай байдлыг арилгах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэнийг дурдав. “Бид өөрсдийгөө Хятадаас тусгаарлахыг зориогүй, харин эрсдэлийг бууруулах арга замыг хайж байна” гэж Америкийн ерөнхийлөгч хэлээд, ойрын үед АНУ-Хятадын харилцаа сайжирна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Америкийн сөнөөгч онгоцноос Хятадын агаарын бөмбөлгийг пуужингаар харваж сөнөөснөөс хойш хоёр орны харилцаа улам хурцадсаар байгаа юм.
Хамтарсан мэдэгдэлд “Хятадын явуулж буй зах зээлийн бус бодлого, үйл ажиллагаа нь дэлхий
эдийн засгийг гажуудуулж байгааг” буруушаасны сацуу тус улсын эдийн засгийн хөгжилд саад
учруулах бодол агуулаагүй гэдгээ “Долоогийн бүлэг" илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ “Долоогийн бүлгийнхэн” Хятад улсад хандаж “Оросын түрэмгийллийг
зогсоохын тулд тус улсад шахалт үзүүлэх”-ийг уриаллаа.
Бусад асуудал
- “Долоогийн бүлэг"-ийн орнууд хүмүүнлэгийн хямралуудыг зохицуулахад
21 тэрбум доллар зарцуулахаар шийдвэрлэжээ. Мөн хүнсний хямралыг ойрын үед
шийдвэрлэхийн тулд хүчин чармайлтаа нэгтгэхээ илэрхийлсэн байна. Үүний тулд
дэлхийн зах зээл дэх бордооны хүртээмжийг нэмэгдүүлэхийг уриалав.
- Цөмийн зэвсгээс бүрэн татгалзах чиг шугамыг урьдын
адил баримталж байгаа гэдгээ “Долоогийн бүлэг"-ийн удирдагчид илэрхийллээ. Үүний сацуу
пуужингийн ба цөмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй БНАСАУ-ыг буруушааж, Япон,
АНУ, Өмнөд Солонгосын дэвшүүлж буй яриа хэлэлцээ хийх саналыг хүлээн авахыг Умард
Солонгост уриалжээ.
- Түүнээс гадна Иранд хүний эрхийг зөрчих тохиолдол байнга гарч буйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.
- “Долоогийн бүлэг"-ийн удирдагчид Израил ба Палестинд хандан хүчирхийлэл, нэг талын үйлдлээс татгалзахыг уриалав.
- 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангаж,
ядуурлыг бууруулах шаардлагатай гэдгийг “Долоогийн бүлэг"-ийн орнууд мэдэгдлээ.
- Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг
санхүүжүүлэх зорилгоор 100 тэрбум долларыг хамтран “дайчлан татах”-аар тогтжээ.
- Цар тахлын эсрэг арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх хэмжээг
нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ.
- Хиймэл оюун ухаанаар бүтээсэн технологиудыг хянах, тэдгээрийг
аюулгүйгээр хэрэглэх тухай асуудлыг хэлэлцэх нь чухал болохыг “Долоогийн бүлэг"-ийн удирдагчид нотоллоо.
В.Зеленский Хирошимад
Саммитад дүрс бичлэгээр холбогдож оролцоно гэж байсан Украины
Ерөнхийлөгч В.Зеленский Хирошимад хүрэлцэн ирсэн нь гэнэтийн явдал байлаа.
Тэрбээр нөлөө бүхий хэд хэдэн улсын удирдагчидтай, тэдний дотор Украины эсрэг Оросын цэргийн тусгай ажиллагааг буруушаахаас цааргалсаар буй Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модитой уулзсан байна. Уулзалтын үеэр Н.Моди хэлэхдээ “Таны болон Украины ард иргэдийн зовлон шаналлыг би маш сайн ойлгож байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Энэтхэг улс, миний бие чадах бүхнээ хийнэ” гэжээ. Харин В.Зеленский “уулзалтын явцад нухацтай яриа өрнөсөн” гэдгийг дурдлаа.
Мөн Зеленский-Байдены уулзалтын үеэр Америкийн тал Украинд 375 сая
долларын зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Түүнээс гадна, Украины цэргийн
нисгэгчдийг F-16 сөнөөгч онгоцоор тулалдахад сургах, мөн өөрт буй ийм төрлийн онгоцуудаа
Украинд нийлүүлэхийг НАТО-гийн холбоотнууддаа зөвшөөрсөн шийдвэрийг Цагаан ордон
гаргалаа. Уг сөнөөгч онгоцыг авах хүсэлтийг олон сарын турш тавьж буй Украины Ерөнхийлөгч уг
шийдвэрийг “түүхэн шийдвэр” гэж үнэлжээ. Украины асуудлыг хэлэлцсэн байдлыг ерөнхийд нь
харвал, Украинд үзүүлж буй зэвсгийн ба эдийн засгийн тусламжийг үргэлжлүүлнэ, төвийг
сахисан орнуудын байр суурийг өөрчилж чадна гэдэгтээ Барууны
орнууд итгэлтэй
хэвээр байгаа, Украин улс
НАТО-д элсэх нь цаг хугацааны хувьд эрт байна гэдгийг
барууныхан Зеленскийд ойлгуулжээ хэмээн дүгнэж болохоор байна.
Саммитын эргэн тойронд
Ерөнхий сайд асан Ш.Абэгийн амийг хөнөөж, одоогийн ерөнхий
сайд Ф.Кишидагийн амь насанд халдахаар завдсан зэргээс үүдэн Хирошима хотод аюулгүй байдлыг
хангах урьд хожид үзэгдээгүй хатуу арга хэмжээнүүдийг авчээ. Тус хот руу 24
мянган цагдаагийн албан хаагчийг дайчлан татаж, хотын бүх хогийн сав, тээш хадгалах
савнуудыг битүүмжлэн лацаджээ.
“Долоогийн бүлэг"-ийн дараагийн уулзалт 2024 онд Италид болно.