Т.Энхтүвшин: Гарт баригдаж, нүдэнд харагдах бүтээн байгуулалтыг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-09 14:02:17

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Аймгийн Засаг даргын хувьд орон нутагт сүүлийн үед  ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Юун түрүүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Энэ жил олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй  гэсэн урьдчилсан прогноз байгаа учир аймаг тодорхой хэмжээний өвсийг бие дааж бэлтгэх шаардлага байгаа.

Дээрээс нь сумдад болон улсын нөөцөд өвс бэлтгэнэ.Хоёрдугаарт төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс орон нутгийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” компанид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж  буй.

 Засвар үйлчилгээ дуусч бэлтгэл хангасны дараа 10 дугаар сарын 01-нээс эхлэн төвлөрсөн халаалтыг өгч эхэлнэ. Гуравдугаарт аймаг орон нутагт хийгдэж  байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж дуусгах мөн шинээр бүтээн байгуулалт төлөвлөх ажлууд бий.

Төсвийн тодотголд оруулах саналаа тодорхойлоод эхэлчихсэн. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Удахгүй аймгийн  ИТХ-д танилцуулж батлуулна.

-Дорноговь аймагт малын гоц халдварт өвчний тархалт зогсоогүй байна. Энэ ажлыг хэрхэн эрчимжүүлж байна?

-Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудлыг  эрчимжүүлэх шаардлага байна. Төв, Говьсүмбэр аймагт малын гоц халдварт “Шүлхий” өвчин, мөн Дундовь, Сүхбаатар аймагт цэцэг өвчний гаралт үргэлжилсэн хэвээр.

Манай аймгийн зарим суманд халдварт өвчний гаралт намжаагүй.Энэ ажлыг эрчимжүүлэхээр шаардлагатай вакцин хийх, хорио цээрийн дэглэм тогтоох зэрэг ажлыг хийж байна.

Хүйтний улирал эхлэхтэй холбогдуулж халдварт өвчний гаралт ихэсдэг тул ажил хариуцсан байгууллагууд, аймгийн ХХААГ, малчид, сумдын Засаг дарга нарын уялдаа холбоо, ажлын хариуцлагыг сайжруулах  чиглэл, тодорхой үүрэг даалгавар өглөө.

-Ажлын байрыг хангах, хүмүүсийг ажилтай орлоготой болгох асуудлаар ямар ажил өрнүүлэх бол?

-Ажилгүй иргэдийг ажилтай болгох, ажлын байраар хангах,орлоготой болгох асуудал бидний  хамгийн чухал зорилт.

Дорноговь аймагт бүтээн байгуулалт хийж байгаа уул уурхайн болон бусад салбарын компаниудын төлөөлөгчидтэй есдүгээр сарын сүүлчээр уулзалт хийхээр товлосон.  Манай аймагт  “МАК”, “Мон полимет” зэрэг үндэсний компаниуд ажилладаг.

Энэ уулзалтаар орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, нутгийн ард иргэдийг ажилд авах чиглэлээр компаниудтай санамж бичиг зурна. Өөрөөр хэлбэл хэрэв ээ та Дорноговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол нутгийн иргэдийг ажилд авах, ажил мэргэжилтэй болгох, улмаар мэргэшүүлээд ажиллуулах, боломжтой бараа бүтээгдэхүүнээ орон нутгаас худалдаж авах, орон нутгийн тээвэрчдийг ажиллуулахад анхаарч ажиллаач ээ  гэсэн санал  тавих  юм.

-Гадаад харилцааны чиглэлээр?

-Бид гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.Саяхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа. Мөн ӨМӨЗО-ны  Шилийн гол аймаг, Дархан Муу мянган хошууны дарга нартай уулзсан. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгааг анзаарсан.

Бидний тавьж  байгаа бодлого бол эрүүл мэнд, боловсролын салбараас гадна тэдний хөрөнгө оруулалтыг татаж хамтран ажиллах. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүд, ахмадууд, эмэгтэйчүүдэд зориулсан ордон барихад хөрөнгө оруулалт татах, Зүүнбаянгийн эзэнгүй  байшингуудыг засварлахад  хамтран ажиллаж болохоор байна.

Дорноговь аймаг мал махаа гадаад оронд экспортлох ажлыг эхлүүлье гэсэн бодолтой байгаа. Үүний тулд хамгийн гол нь мал эрүүл байх ёстой.Бид малаа эрүүлжүүлж чадвал дараагийн алхмыг хийх боломжтой болно.

Мөн эрүүл мэндийн салбарт ахиц гаргана. Олон жилийн өмнө баригдаж  эхэлсэн 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг дуусгах, халдвартын эмнэлгийг ирэх жил барих, тоног төхөөрөмжийг шинэчлэх гээд ажил бий. Мөн хүүхэд залуучуудад хэрэгтэй спортын ордон барих ажлыг дараа  жилээс гадны зээл тусламж, орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлаж барихаар төлөвлөж байна.

-Үндэсний мэдээллийн  “Монцамэ”    агентлагаас орон даяар хуучин монгол бичгээ дэлгэрүүлэн хэрэглээ болгох,”Монгол хэлний тухай” шинэ хуулийн үзэл баримтлалыг сурталчлах, “Хүмүүн бичиг” сонины захиалгыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой ажлуудыг орон нутагтай хамтран гүйцэтгэхээр санал дэвшүүлээд байна. Танд  бас энэ чиглэлээр албан бичиг ирсэн.Энэ тухай таны бодлыг сонсьё?

-Энэ саналыг  дэмжиж байгаа. Ялангуяа үндэсний бичиг соёлоо дээдлэх, хэрэглээ болгох талаар Засаг даргын мөрийн хөтөлбөрт тодорхой асуудлыг тусгаж оруулъя гэсэн бодолтой байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ