Mалчин өрхийн 57 хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар доогуур түвшинд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын ХХААБ малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээ хийж, үр дүнгээ танилцууллаа.
Судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн 330 сумын 10 023 малчин өрх хамрагдаж, тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарчээ. Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол, 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-иос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх маш бага үр дүн гарчээ. Эрсдэл даах чадвар муу өрхүүд хөрөнгө, боловсролын түвшин, суурь үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байгаа учир өвлийн бэлтгэлээ сайн базаах чадамжгүй байдаг. Нэг удаагийн байгалийн цочир үзэгдэлд тэд малаа алдан ядуурлын доод шугам руу буух эрсдэлтэй ажээ.
Малчин өрхийн цочрол, стрессийг даван туулах чадварт орлого, хоол хүнсний нэр төрөл хязгаарлагдмал, малчдын бүлэг, хоршоо дахь оролцоо бага, мэдлэг, ур чадвар нэмэх сургалт, малын индексжүүлсэн даатгалд хамрагддаггүй, өвөлд хангалтггүй бэлддэг нь нөлөөлдөг байна.
Цар тахлын хорио цээрийн дэглэмд байсан 2021 онд судалгааны өгөгдлийг цуглуулжээ. Судалгаанд хамрагдсан өрхийн амьжиргаанд сүүлийн 12 сард хамгийн их нөлөөлсөн цочрол нь цар тахал (75.6 хувь), ган, зуд (48 хувь) бөгөөд үүднээс үүдэлтэй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс тэжээлийн үнийн хэлбэлзэл (37.2 хувь) байжээ. Зудын сөрөг нөлөөг бууруулахын тулд тэдгээр өрхийн 45 хувь нь банкнаас зээл авч, өвс тэжээл авсан, 34 хувь нь зарим малаа зарж өвс тэжээл авсан гэж хариулсан бол 17.7 хувь нь бог малын нийлүүлгийг хязгаарласан, 16.6 хувь нь бэлчээрийн нөөцтэй бүс нутагт оторлож даван туулсан гэжээ.
Судалгааг
НҮБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн
байдлыг нэмэх нь” хөтөлбөрийн хүрээнд олон улсын RIMA аргачлал ашиглан хийжээ. Энэ нь цочрол, стрессийг
зарим өрх яагаад, хэрхэн бусдаас илүү сайн даван туулж байгааг шинжилж,
тайлбарладгаараа онцлог аж.