Олон улсад зөвшөөрөгдсөн бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатайг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-25 15:45:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад олон улсын бүтээмжийн чиглэлээр гэрчилгээ авсан 10 гаруй хүн ажиллаж байна. Тэд мөн бусад улс оронд ажиллах эрхтэй байдаг. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд гаргах нэг алхам болно хэмээн манай улсад болж буй Азийн бүтээмжийн байгууллагын хурал дээр Азийн бүтээмжийн байгууллагын Монголыг хариуцсан захирал Я.Эрхэмбаяр хэллээ.


Өндөр хөгжилтэй улс орны бүтээмжийн сайн туршлагыг хөгжиж буй улс орнуудад нутагшуулж түгээх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг Азийн бүтээмжийн байгууллага нь өнөөдрийн байдлаар Япон, Иран, Бангладеш, Фижи, БНХАУ, Лаос, БНСУ, Малайз, Непал, Пакистан зэрэг 21 орныг эгнээндээ багтааж байна. Тус байгууллага гишүүн орнуудынхаа хүний нөөц, хөрөнгө оруулалт, технологийн дэвшил зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг жил бүр дүгнэн Удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулж иржээ. Ингэснээр аль улсад ямар чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ шийддэг байна.

Энэ талаар Азийн бүтээмжийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Индра Прадна хэлэхдээ, “Бид тодорхой үзүүлэлтийг харгалзан үзээд, сул дүгнэлттэй гарсан улс оронд шаардлагатай байгаа хөтөлбөрийг хэрэгцээт салбарт нь хэрэгжүүлдэг” хэмээн тодотгож байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, өнгөрсөн жил Вьетнам улсад техникийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлжээ. 


Манай улс бүтээмжийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх зорилт тавиад байна. Өнөөдрийн байдлаар дээрх шаардлагын хүрээнд гэрчилгээ авсан, бүтээмжийн мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байна


Монголд болж буй Азийн бүтээмжийн байгууллагын 65 дахь удаагийн хурлаар дэлхий дахинд техник, технологийн шинэчлэл, дэвшлийг ашигласнаар нийгмийн бүтээмж нэмэгдэж буйг онцолж байна. Үүнтэй уялдан бүтээмжийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа дээшилж, өөрчлөгдөж буйг хэлэлцлээ.

Манай улсын хувьд төрийн аль салбарт бүтээмжийн чанар, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж, төрийн зарим байгууллагын чиг үүргийг оновчтой салбарт шилжүүлэх, чиглүүлэн хуваарилах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, авлига хээл хахуульд ногдох хариуцлага, хүлээлгэх ялыг чангатгах шаардлагатай хэмээн үзэж буйг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлж байна.


Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх шаардлагатай байна. Ингэснээр төрийн зардал буурах боломжтой. Засгийн газар үйл ажиллагаагаа үүнд чиглүүлэн ажиллаж байгааг тэрбээр хэлж, сайжруулах талд мэдэгдэхүйц ахиц гаргахын төлөө ажиллаж байгааг мэдэгдлээ.

Азийн бүтээмжийн байгууллагын Удирдах зөвлөлд Монгол Улс багтдаг. Энэ үүднээс ч тэр тус байгууллагын Удирдах зөвлөлийн хурлыг манай улсад хоёр дахь удаа зохион байгуулаад байна.

Холбоотой мэдээ