ЗАВХАН: Нийт газар нутгийнхаа 49.3 хувийг тусгай хамгаалалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-26 12:07:26

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг өнөөдрийн байдлаар нийт газар нутгийнхаа 17.8 хувийг улсын тусгай хамгаалалтад авчээ.

Харин 2019, 2020, 2021 онд нийт 8 сумын 606.3 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар өнөөдрийн байдлаар аймгийн нийт газар нутгийнхаа 49.3 хувийг улс, орон нутгийн тусгай хамгаалалтад аваад буй юм.

Завхан аймаг уул уурхайгаас ангид аймаг байх зорилго дэвшүүлэн 2018 оноос хойш газар нутгаа улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахад эрчимтэй анхаарал хандуулан ажиллажээ.


Тухайлбал, 2018 оны байдлаар НҮБХХ-ийн "Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь" төслийн дэмжлэгтэйгээр Завхан аймгийн 16 сумын 63 газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газарт авч мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажуулжээ. Тодруулбал, 1242966.44 га буюу аймгийн газар нутгийн 15.1 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад, харин улсын тусгай хамгаалалтад нийт газар нутгийнхаа 10.5 хувийг авч нийт газар нутгийнхаа 25.6 хувийг хамгаалалтад оруулж байжээ.


Ер нь улсын тусгай хамгаалалт, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлснээрээ байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон олон төрөл зүйлийн ховор амьтан, ургамлыг хамгаалах боломжийг бүрдүүлж буй юм. Түүгээр ч барахгүй 19 сумын нутагт орших амьтан ургамлын амьдрах таатай орчныг бүрдүүлэх, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой юм гэж Завхан аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.



Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутгийнхаа хэмжээгээр Отгон сум тэргүүлж байна.

Отгон сум амьтан ургамал, байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт зүйлийг  хадгалах, хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор 140.000 га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Отгон сумын Бор хавцал орчмын дээрх га газар нутгийг сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Тус сум нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүх дурсгал, аялал жуулчлалын томоохон бүс нутгийн нэг юм. Олон тооны нуур, цөөрөм, гол нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг.

Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд Буянт гол, Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын зэрэг олон голын эх ундаргын үүсвэр болдог газар юм.


Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. Уулын бүсийн ирвэс, чоно, шилүүс, нохой зээх, аргаль, янгир, мануул мөн улаан номын эмзэг бүлэгт орсон монгол хадран, давжаа сугас, шивэр хадран зэрэг гурван зүйлийн загас бий. Харин тал хээрийн идлэг шонхор зэрэг өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл энд бий. Ургамлын аймаг нь тал хээрийн, ойт хээрийн, өндөр уулын бүсийн ургамлаас бүрддэг. 164 зүйлийн ургамалтайгаас нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибирь алтанхундага, ягаан цээнэ, ацан ажгана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг онгон дагшин нутаг юм. Тиймээс энэ нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах нь зайлшгүй шаардлагатай юм.


Харин улсын тусгай хамгаалалтад дархан цаазат газрын ангиллаар 25.000 га буюу Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар, нөөц газрын ангиллаар 140.000 га талбайг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.

Ингэснээр нийт газар нутгийнхаа 50 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх, байгалийн баялгийг зохистой ашиглах нөхцлийг бүрдүүлсэн тухай Отгон сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ