СҮХБААТАР: “Яруу эгшиг” шинэ номын нээлт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-27 16:16:00

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Хаврын номын баярт зориулан Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан, утга зохиолын Дөрвөн цаг нэгдэл, МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл хамтран гаргасан “Яруу эгшиг” шинэ номыг уншигчдадаа танилцуулж, нийтийн хүртээл болголоо.


Уг номд яруу найраг сонирхогч сурагч, идэвхтэн бичигч, Соёлын гавьяат зүтгэлтний гээд нутгийн 40 гаруй уран бүтээлчийн шинэ шүлэг, яруу найргууд багтжээ.


Аймгийн Нийтийн номын сангаас Дэлхийн яруу найргийн өдөрт зориулж өнгөрсөн хоёр жил "Яруу эгшиг" шинэ шүлгийн уншлага, яруу найргийн цэнгүүнийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд үүнд оролцож байсан яруу найрагчдын бүтээлүүдийг эмхэтгэжээ. Номыг ном зүйч М.Нарангэрэл эмхэтгэсэн бөгөөд тэрбээр өмнө нь гаргасан хоёр ч товхимлоо нэгтгэн ийн ном болгожээ.

Нийтийн номын сангийн хамт олон нутгийн зохиолч, яруу найрагчдаа сурталчлан таниулах, уран бүтээлийг нь алдаршуулах чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсний нэг нь "Яруу эгшиг" шинэ шүлгийн уншлага юм. Энэ нь шүлэг яруу найраг сонирхогчдыг нэгтгэх, уран бүтээлээ бусдадаа сонсгох, уншигчдын хүртээл болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид бүхний хүсэн хүлээдэг үйл ажиллагаануудын нэг болж чадсан. Ингэж уран бүтээлчдээ дэмжиж, хамтрахаас гадна тэдний бүтээлүүдийг нэгтгэн, цоо шинэхэн ном болгон түгээж байгаад үнэхээр баяртай байна. Яруу найрагч, зохиолчдод үүнээс илүү том бэлэг гэж үгүй билээ хэмээн МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Ц.Оюундэлгэр хэллээ.


Шинэ номын нээлтийн үеэр аймгийн Нийтийн номын сангийн уншлагын танхим болон мэргэжлийн байгууллагын удирдлагууд, яруу найраг сонирхогчдын төлөөлөлд номын дээжээс дурсгав. Мөн зарим уран бүтээлчийн шүлгээс номын баярт оролцогчдод уншиж танилцуулав.

Холбоотой мэдээ