"Ертөнцийг харах цонх"-ны баяраар зорчихуй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
n_sarchihg@yahoo.com
2023-05-27 22:46:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлийн төв талбай дээр жинхэнэ утгаараа баяр болж байна. Дуутай, хууртай, дугуй хуушууртай, дунд нь цэнгэн хөөрцөглөх бяцхан үрстэй. Ёстой л наадам наашлаад ирсэн юм уу гэмээр хөл хөдөлгөөнтэй, хөгжил баясалтай.


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулдаг Үндэсний номын баяр төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа нь энэ. Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой энэхүү номын баярыг 33 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн уриа нь “Илүү их уншъя”.

 

Энэ жилийн хавар зунд байраа тавьж өгөлгүй аашаа хувиргасаар өнөөдрийг хүрсэн ч номын баярын нээлтийн өдөр харин ч дулаан таатай байсан. Гэхдээ асрууд бүрэн тохижиж амжаагүй, жимсний хайрцгаар дүүрэн номоо нааш цааш зөөсөөр байхыг харж зогсоход ажилч шоргоолжны үлгэр санагдсаныг нуух юун.

 

Үндэсний номын баярыг нээхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголын утга, соёлын үе үеийн бичгийн мэргэд, номд дуртай хүн бүхэн, уншигчид, хэвлэн нийтлэгчид хуран цугладаг энэхүү баярыг бид хүсэн хүлээдэг болжээ.  Цаашид энэ баяртай хамт үндэсний бичиг үсэг, соёл, монгол үндэстний биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал юм. Монголын өргөн уудам нутаг даяар үндэсний бичиг үсэг, түүх соёл, ном эрдмийн гэгээн давлагаа түгэн дэлгэрч байх нь энэхүү өдрүүдийг тэмдэглэхийн учир утга болно” гэж тодотгосон юм.               

Үндэсний номын баяраар олон сонирхолтой үйл ажиллагаа болно гэдгийг урьд нь мэдээлсэн ч гэлээ, хүн хэлэхээс наашгүй юм хойно, нүдээр харж байж сэтгэл баяссан шүү. Тухайлбал, номын фэнүүдийн уулзалт, “Номын баяр-бидний аялал” автобустай аялал, асуулт хариултын тэмцээн, орон нутагт ном хандивлах аян, яруу найргийн уншлага гээд тал бүрт арга хэмжээ тасралтгүй үргэлжилсээр хоёр өдөр болов.


Эхний өдрийн онцлог нь энэ хаврын номын баяр 7 хоногоор хойшилж зохион байгуулагдсан болохоор олон хүүхэдтэй ээжүүдэд олгодог “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолтой давхацсан явдал. Одонгоо авах гэж гоёсон ээжүүд, ижил дээлээр гоёж ээжээ хүлээсэн бяцхан үрс, ханиа хүлээсэн нөхрүүд, хамаатан садан нь гээд Сүх жанжны талбай тэр чигээрээ олны хөлд дарагдаж, баяр хөөр, цэцэг инээдээр цалгиж байлаа. Нөгөө аурагаар ярих юм бол энд хамгийн сайхан энерги түгж байсан гэхэд хилсдэхгүй.


Номын баярт 300 гаруй зохиолч, 200 хэвлэн нийтлэгч 280 гаруй асарт өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ дэлгэж, уншигч олонтойгоо зургаа татуулж, ном бүтээл дээрээ мутраа зурж өгөхийг харах үнэхээр сайхан байлаа. Энэ удаагийн баярт оролцохоор 50 гаруй зохиогч, хэвлэн нийтлэгч шинээр нэмэгдсэн гэсэн. Номын баярыг дунджаар 180 мянган хүн зорин ирдэг гэсэн судалгаа ч гарчээ. Тэдний 70 орчим хувь нь залуучууд гэхээр бахархууштай. 

Номын баярын хоёр дахь өдөр их эрт эхэлсэн. Өглөөний 10 цаг гэхэд асрууд бараг жигдэрч, уншигчдын хөлд хэдийнэ дарагдсан байсан. Цаг агаарын хувьд сэрүүвтэр, тэнгэрт бараан үүлтэй бүрхэг өдөр хэдий ч, ном сонирхогчдод огт хамаагүй мэт бужигнаж байв. Энд ч залуус сагсан бөмбөг наадаж, хажууд нь нэг хэсэг нь хуушууранд дугаарлаж, өөдөөс нь харсан асарт хүүхэлдэйн жүжиг тоглож, зэрэгцээ асарт багачуудыг тойруулж суулгаад үлгэр ярьж байх жишээтэй.

 

Үнэндээ нийслэлийн иргэд амралтын энэ өдрийг утгаар нь сэтгэлийн их цэнгэл эдэлж өнгөрүүлэв. Үдээс хойш бороо орж, хүмүүсийн тав тухыг түр алдагдуулсныг эс тооцвол баяр үргэлжилсээр. Талбай руу нэвтрэх урсгал замын хаалган дээр залуус “Номын баярт тавтай морил” гэсээр угтаж аваад, буцаад гарахад “Баярлалаа, баяртай” гээд үдэх нь хүртэл нэг л дотно.

 

"Ертөнцийг харах цонх"-ыг тольдон яваа, тэр цонхоор харж суугаа зарим хүнтэй уулзаж, номын талаар сэтгэгдлийг нь сонссон юм. Хамгийн эхлээд таарсан хүн бол УИХ-ын гишүүн Э.Батшугар. Тэрбээр номтой гүнзгий нөхөрлөсөн гэр бүлд өссөн болохоор энэ талаар илүү сонирхолтой үг хэлэх нь тодорхой. Э.Батшугар,  “Миний хувьд ном бол оюун ухаан, мэдлэг боловсролын далай гэж үздэг. Монголчууд эрт дээр үеэс номыг хүндлэн дээдэлдэг байсан ард түмэн. Үүний ганцхан жишээ нь "Монголын нууц товчоо". Монголчууд оюунлаг боловсролтой хүн Монголын ирээдүй гэдэг. Оюунлаг, боловсролтой болохын тулд номтой нөхөрлөх нь чухал. Ном бол тархины тэжээл. Хамгийн сүүлд “Рубрукийн бүтээл” ном авснаа уншиж байна. Энэхүү номд Францын Рубрук нэртэй лам Монголд Мөнх хаантай уулзах гэж ирж байгаа талаар өгүүлдэг. Би номын сангийнхаа номнуудыг сэдэв сэдвээр нь ангилсан байгаа. Дэлхийн ямар ч номыг англи хэлээр худалдан авах боломжтой болсонд баяртай байгаа” гэсэн.


Зам зуурын асарт хараа бэлчээтэл тэрслүү хоёр нөхөр нэг асарт зэрэгцээд сууж байв. Тэдэнтэй уулзаж үгийг нь сонсохыг хүслээ. “Миний мэдэх Ерөнхийлөгч Баттулга”, ”МОНГОЛО гэдэг эрхэм”, “Чөтгөрийн хотын тэмдэглэл", “Нэр  нэгтний хоёр үхэл”, “Нийтлэлүүд болон антолог буюу гилромоц” номын автор, сэтгүүлч, МУСГЗ Д.Төрмөнх, “Ном уншихад хүн юмыг илүү гүнзгий ойлгож чаддаг. Тиймээс ном хэзээ ч алга болохгүй. Барууны орнууд, Японд цаасан ном уншдаг хэвээрээ. Манайд сүүлийн үед фэйсбүүк, цахим сүлжээ нэвтэрснээр хүмүүс уртхан юм уншихаа болиод байна. Гэхдээ уншдаг хэсэг нь уншдаг. Аль ч улс оронд уншдаг тусгай хэсэг байдаг. Ном уншихаа байсан гэдэг бол худлаа. Номын баяр бий болсноос хойш хүмүүс номонд дуртай болж байна. Үнэхээр баяр болчихоод байна. Номын баярт ирдэг хүмүүсийн тоо улам ихэссэн. Зохиолчидтой нь уулзаж, гарын үсгийг нь зуруулдаг гээд миний хувьд хамгийн гоё баяр” гээд тун эерэг зүйл ярих нь тэр.


Харин яруу найрагч Б.Галсансүх “Хагас реалист шүлэг”, “Бурханд хэлэх зөвлөгөө”, “Түүхийн шүлгүүд”, “Бурханд хэлэх зөвлөгөө постпанк шүлгүүд” зэрэг номоосоо гадна дөнгөж саяхан баринтагласан “Контемпорари шүлгүүд” хэмээх шинэ номоо дэлгэсэн байлаа. Фронт командлагч маань “Нэг үеэ бодвол монголчууд ном уншдаг болсон байна. Улам сайн уншдаг болоосой. Хүн бүрт өөр байж болох ч, миний хувьд ном унших гэдэг бол хүний ертөнцөд ирсэн аз жаргалын нэг томоохон хэсэг гэж боддог” хэмээн тодорхойлсон.


Хамгийн их зочинд дарагдсан газар нь Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Д.Цоодол болон МУСГЗ До.Цэнджав, До.Чулуунбаатар нарын асар байлаа. Хажуу бөөрөнд нь Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, алдарт П.Бадарч гуай сууж байх жишээтэй. Аргагүй л ардын уран зохиолчдын асар гэсэндээ хүний хөл үл тасарна. Энэ өнцгөөс нь харахад олон сайхан сэтгэгчид, зохиолчдын уншигчидтайгаа нүүр тулан уулздаг хавар, намрын хамгийн гоё цэнгүүн юм даа, Номын баяр.

Эргэж хурган эргэлдээд л баймаар ийм өдрүүд олон байгаасай гэж талбай дахь асруудыг тойрч явахдаа баясан бодов. Тэртээ нэгэн цагт Оросын их зохиолч А.М.Горький “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж хэлсэн талаар дунд сургуульд байхаасаа заалгасан билээ. Үнэн үг гэдэг үнс болж хийсдэггүй, үнэ цэнээ алддаггүй он жилийг даван туулдаг юм байна.

"Ертөнцийг харах цонх"-ны баяраар зорчиж явахад ийн бодсон билээ.

Холбоотой мэдээ