Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Ган И.Масктай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-05-31 09:58:04

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган Америкийн Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай Бээжин хотноо мягмар гарагт уулзжээ.


Хятадын шинэчлэл нь урьд хожид байгаагүй хөгжлийн боломж, зах зээлийн эрэлт хэрэгцээг бий болгоно гэж Чинь Ган уулзалтын үеэр цохон тэмдэглээд, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдэд суурилсан, Хятадын автомашины аж үйлдвэрийн хэтийн төлөв өргөн байна гэв.


Мөн Хятад улс нээлттэй байдлыг үргэлжлүүлэн өндөр түвшинд ахиулж, Tesla болон бусад гадаадын компаниудад илүү зах зээлд чиглэсэн, хууль тогтоомжид суурилсан, олон улсын бизнесийн орчныг бүрдүүлнэ гэж Чинь Ган хэлэв.


Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад, Америкийн эрүүл, тогтвортой, бүтээлч харилцаа нь хоёр орны төдийгүй дэлхийн нийтийн ашиг сонирхолд нийцнэ хэмээгээд, хоёр тал харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг зөв зарчмыг баримталж, “аюултай жолоодлогоос” зайлсхийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжихийн тулд “илүү шаргуу ажилласнаар” ийм харилцаа бий болно гэдгийг нэмж хэлсэн байна.  


Хариуд нь И.Маск, АНУ болон Хятад улс нь хоорондоо уялдаа холбоотой, салшгүй ашиг сонирхлыг хуваалцдаг гэдгийг онцлоод, “Tesla зөрчил маргааны эсрэг байр суурьтай байгаа бөгөөд Хятад дахь бизнесээ үргэлжлүүлэн өргөжүүлж, тус улсын хөгжлийн боломжуудыг хуваалцахад бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ