ДОРНОГОВЬ: Хонь тойглодог Сэрээтэр гуай дал гаруй настай

ӨВ СОЁЛ
erdenebulgan@montsame.mn
2023-06-06 11:50:45

Дэлгэрэх /МОНЦАМЭ/.Монголчуудын буй болгосон язгуур өв соёл бол олон зуун жил бэлчээрийн мал аж ахуй маллаж, байгаль  цаг агаарыг урьдчилан таамаглаж таван хошуу малаа гаршуулан  өөрийн зан заншил, амьдралын хэв маягтайгаа холбосон түүхэн онц цагаас үүдэлтэй билээ.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын өндөр настан соёлын өвлөн уламжлагч Сангаагийн Сэрээтэр гуай эдүгээ дал хол гарсан настай ч урлаг уран сайхны ажил, соёлын олон үйл ажиллагаанд хойш суулгүй оролцдог идэвхтэй.

Тэрээр 1967 оноос Нэгдлийн мал маллахдаа хонь тойглож хургаа голсон эхэд олон зуун төлийг авахуулж явсан соёлын өв тээгч юм. “Тойг тойг, тойг тойг...”  гэж утга уянга хослуулан аялах нь гологдсон хургыг эхэд нь авахуулах зан үйл юм.

Мөн эх нь үхсэн өнчин хургыг бас хайдаг хонь, сүү сайтай хонинд эдгээр аргаар даллан хөхүүлж авахуулдаг байна. Сүүлийн үед нүүдлийн мал аж ахуйн арга маллагаа цаг үеэ даган эрс өөрчлөгдсөнөөс болж  олон зуун жилийн түүхтэй соёлын биет бус өв  мартагдах, цаашлаад үгүй болох аюул нүүрлэж байгааг Сэрээтэр гуай дурдаад энэ өв соёлоо залуу үедээ зааж сургах хүсэл эрмэлзэл дүүрэн буйгаа ч өгүүлсэн юм.

Идээ ундаанаасаа эхлээд уртын дуу, боржгин морин хуур, ерөөл магтаал, уран бичлэг, малын уриа дуудлага, мал маллах арга ухаан,гар урлал, байгаль шинжих гэх мэт  соёлын  олон өв соёлыг хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх шаардлага байгааг Сэрээтэр гуай онцолсон.

Тэрээр өнгөрсөн онд улсын хэмжээнд зохион байгуулсан “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн анхдугаар наадамд оролцож 21 шилдэг өвлөн уламжлагчийн нэгээр шалгарч байсан. Сэрээтэр гуай эдүгээ сум орон нутгаас зохиосон соёлын үйл жиллагаанд идэвхтэй оролцож залуу хойч үедээ манлайлал үзүүлж явна.  

Холбоотой мэдээ