Эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалт бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-06 12:37:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төсөл санаачлагчийн илтгэлдээ “Алсын алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, аймаг орон нутагт үйлдвэрлэл технологийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгох, цаашлаад хот суурин газарт шинэ суурьшлын бүсүүдийг бий болгоход эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж, хуучин хүчин чадлыг өргөтгөх, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн.


Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар нэмэгдэж, салбар системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглахын зэрэгцээ импортын эрчим хүчний дэмжлэгтэйгээр өвлийн оргил ачааллыг давж буй. “Шинэ сэргэлтийн бодлого”-д хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 450 мегаватт хүчин чадал бүхий “Таван толгой” цахилгаан станц, 400 мегаватт хүчин чадал бүхий Багануурын цахилгаан станц,  300 мегаватт хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьж байгуулах, Дулааны III цахилгаан станцыг 300 мегаваттаар өргөтгөх төслүүдийг төлөвлөсөн.


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу олон улсын банк санхүүгийн байгууллагууд нүүрсний эрчим хүчний эх үүсвэрт зориулсан санхүүжилтээ хумиж байна. Монгол Улс эрчим хүчний анхдагч нөөц баялагтаа тулгуурлан суурь ачааллын горимд ажиллах том чадлын дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай боловч санхүүгийн эх үүсвэрийн хязгаарлалт, олон улсын худалдаа бизнес, цар тахлын нөлөө, үнийн өсөлт зэргээс шалтгаан эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болсон. Иймд нүүрсээр ажиллах ДЦС барих болон өргөтгөх төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндсэн тоног төхөөрөмжийг импортоор худалдаж авах, дотоодод үйлдвэрлэхэд тодорхой хугацаанд татварын дэмжлэг үзүүлэх хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулсан юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай эсвэл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх тухай заалт нэмэхээр тусгаад буй. Хуулийн төсөл нь 2 зүйлтэй, дагаж мөрдөх хугацааг 2029 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл байх юм" гэв.


Төсөлтэй холбогдуулж санал хураалт явуулахад гишүүдийн 70 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ