Үр дүнтэй засаглалын сургагч багш нарын сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-07 08:31:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөн өнөөдөр тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үндэсний болон орон нутгийн үр дүнтэй засаглалын сургагч багшийн сургалтаар эхэллээ.


МОНЦАМЭ агентлаг, Удирдлагын Академи, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй сургалтад Удирдлагын академийн багш нар хамрагдаж байна. Сургалтаар төрийн байгууллагуудын хооронд төлөвлөлт, бодлого боловсруулалт, төсвийн санхүүжилтийг харилцан уялдаатай, нэгдмэл байдлаар зохион байгуулж, ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна. Эдгээр багш нар дараагийн гурван өдөр засаглалын чиглэлээрх сургалт хэлэлцүүлгийг удирдах юм.


Чиглүүлэгчээр НҮБ-ын Засаглалын төслийн албаны Хөтөлбөрийн удирдлагын мэргэжилтэн, (UNPOG/DPIDG/UN DESA) Прабин Махаржан ажиллаж, үндэсний болон орон нутгийн үр дүнтэй засаглалын сургалтын багцыг танилцуулан, хөндлөн огтлолын шинжилгээг ашиглан ТХЗ-ыг хэрэгжүүлэх интеграци, ТХЗ-ыг хэрэгжүүлэх оролцогч талуудын оролцоог бэхжүүлэх, оролцооны төлөвлөгөөг боловсруулах, орон нутгийн түвшинд ТХЗ-ыг санхүүжүүлэх удирдлага, зохицуулалтын талаар мэдээлэл өгч байна. 

Холбоотой мэдээ