НАТО-гийн тэргүүн далангийн асуудлаарх шуурхай уулзалтыг даргална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-08 10:50:54

БРЮССЕЛЬ. /AFP/. НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг Украины Нова Каховка хотын далан сүйдсэнтэй холбоотой асуудлаарх НАТО-Украины комиссын шуурхай уулзалтыг пүрэв гарагт даргалан явуулна гэдгээ мэдэгджээ.


"Нова Каховкагийн далан сүйдсэн нь олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэн, экологийн сүйрэлд хүргэж байна" гэж тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. Мөн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба НАТО-Украины комиссын уулзалтад цахимаар оролцоно гэдгийг мэдээлжээ.


Д.Кулебагийн хувьд өөрийнх нь хүсэлтээр уг уулзалтыг зарласныг мэдэгдээд, Й.Столтенберг “хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НАТО-гийн механизмыг ашиглана” хэмээн амласныг уламжилсан байна. Тэрбээр мөн Орос даланг сүйтгэснээс ийм “хямрал” нүүрлэсэн гэх Киевийн байр суурийг давтан мэдэгджээ. Харин ОХУ-ын тал далан нурсан явдалд Украиныг буруутгаж байгаа юм.


Үүнээс гадна, НАТО-гийн гишүүн Их Британи далан сүйдсэний хариуцлагыг аль нэг талд хүлээлгэхээс өмнө илүү их баримт цуглуулах шаардлагатай гэж үзэж байна. НАТО дахь Украины өөр нэг гол холбоотон болох Францын хувьд Украинд тусламж илгээнэ гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины төрийн тэргүүнтэй утсаар ярьсныхаа дараа “уг харгис хэрцгий үйлдлийг” зэмлэн буруушаажээ. 

Холбоотой мэдээ