НҮБ Монгол Улсад хэрэгжүүлэх стратегиа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-08 12:58:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ ирэх таван жилд Монгол Улсад хэрэгжүүлэх гурван үндсэн чиглэлийн стратегийг  “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөний үеэр танилцууллаа.

 

Монгол Улсад хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлийн эхэнд хүний хөгжил, сайн сайхан байдлыг сайжруулна гэжээ. Энэ хүрээнд хот хөдөөгийн иргэд, ялангуяа эмзэг, орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгүүд 2027 он гэхэд нөөц боломжоо бүрэн дүүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, цочролд тэсвэртэй, эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус, ариун цэврийн байгууламж, бусад үйлчилгээний үр шимийг хүртэнэ гэж тодорхойлсон байна.  

 

Хоёрдугаарт нь “ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийн бий болгоход анхаарна. Монгол Улсын эдийн засаг 2027 он гэхэд илүү төрөлжсөн, шинэлэг бүтээмжтэй, хүртээмжтэй “ногоон” болж бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг ханган, эмэгтэйчүүд залуусын зохистой амьжиргааг тэтгэх, 21-р зууны эрэлт хэрэгцээтэй ур чадварыг хөгжүүлэх, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах хөгжлийг дэмжинэ. Нотолгоонд суурилсан жендерийн мэдрэмжтэй, байгалийн нөөц, байгаль орчны тогтвортой менежмент, гамшгийн эрсдэлийг бууруулах чадвар сайжирснаар хүн ам, экосистем, уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй болсон байх аж.

 

Гуравдугаарт, хүн төвтэй засаглал, эрхзүйт ёс, хүний эрхийн чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Монгол Улсын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явц 2027 он гэхэд жендерийн мэдрэмжтэй оролцоог хангасан, харилцан холбоотой, нотолгоонд суурилсан, тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, бүх шатны засаглалын байгууллагууд ил тод, хариуцлагатай ажиллаж, хүний эрхийг бүрэн хангаж хамгаалсан, тэгш шударга, эрх зүйт ёсыг хүн бүр, ялангуяа орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгүүд ялгаваргүй эдлэх боломж нөхцөл бүрдсэн байна гэжээ.


НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын дарга Ж.Должинсүрэн дээрх стратеги чиглэлийн эхний хэсэг буюу хүний хөгжил ба сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд Монгол Улсын хувьд 10 эрсдэлт бүлэгт анхаарахыг тодотгов. Үүнд, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй, хот суурин газрын болон хөдөө орон нутгийн ядуу иргэд, үндэсний цөөнх, өндөр настан, хүн амын цөөнх бүлгийг нэрлэсэн юм. Түүнчлэн, Монгол Улс "Алсын хараа 2050" хөтөлбөртөө хүрэхийн тулд "Тогтвортой хөгжлийн зорилт 2030"-ыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Үүний тулд нөхцөл байдлаа зөв шинжээд, системийн анализ хийсний үндсэн дээр нөөц боломжоо ашиглан, тодорхой үр дүнд хүрэх боломжтой. Учир нь ТХЗ-ыг 2015 онд баталснаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний дараах сөрөг үр дагавар, олон улсын нөхцөл байдлын улмаас хэрэгжихэд хүндрэл үүсэж, зорилтоо эргэж харах болсон. Улс орон бүр ТХЗ-доо анализ хийж, аль зорилгоо түлхүү анхаарвал ахиц гарч болох, хурдасгуур нь юу байхыг тодорхойлж, улс орны лидерүүд ирэх 9 дүгээр сард үндэсний амлалтаа өгнө. Манай улсын хувьд ийм хурдасгуур хэрэгжүүлнэ гэж ахин амлах юм. Монгол Улсын хурдасгуур юу байхыг тодорхойлоход ЭЗХЯ түлхүү анхаарч ажиллах байх" гэлээ.  

 

Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичигт, Эдийн засгийн хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд, НҮБ-ын Суурин зохицуулагч нар өнгөрсөн оны 5 дугаар сард гарын үсэг зурсан билээ. Таван жилийн хугацаанд үргэлжлэх эдгээр стратегийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын байгууллагууд, НҮБ хамтарсан хороо байгуулсан бөгөөд жил бүр үр дүнгээ танилцуулж байх юм.


Холбоотой мэдээ