Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын борлуулалт нэг сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-06-09 14:46:22

КАНБЕРРА. /Reuters/. Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбарын борлуулалт нэг саяын босго даваад байгаа талаар Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ОУХБХ/ өнөөдөр мэдээлжээ.


ОУХБХ-ны тэргүүн Жианни Инфантиногийн мэдээлснээр, Австрали, Шинэ Зеландад энэ оны долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны өдрүүдэд болох эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ес дэх удаагийн ДАШТ-ий 1.03 сая гаруй тасалбар худалдаалагдсанаар Францад 2019 онд болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-ий нийт борлуулалтыг давсан байна.


Ингэснээр спортын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй эмэгтэйчүүдийн спортын тэмцээн болоход тун ойртож байна. Энэхүү тэмцээн нь 32 баг өрсөлдөх анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.


ДАШТ долоодугаар сарын 20-ны өдөр Шинэ Зеланд болон 1995 оны аварга Норвегийн шигшээ багуудын тоглолтоор эхлэхэд ердөө 41-хэн хоногийн хугацаа үлдээд байна. Мөн тухайн өдрийн орой тэмцээнийг хамтран зохион байгуулагч Австралийн баг Ирландын баг тамирчидтай хүчээ сорино. 

Холбоотой мэдээ