Хууль зүйн их , дээд сургуулиуд хэлэлцүүлэг хийлээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-09-12 11:58:53

“Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь” Хууль зүйн их дээд сургуулиудад зориулсан хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг энэ сарын 09-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон юм. Энэхүү хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулж хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн төлөөллүүд оролцсон байна.

“Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь” Хууль зүйн их дээд сургуулиудад зориулсан хичээлийн хөтөлбөрийг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг нээж, ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Ц.Алтанцэцэг хичээлийн хөтөлбөрийн агуулга, танилцуулгыг хийлээ. Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, доктор С.Болормаа “Зарим төрлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай” сэдэвт илтгэл тавьсан юм. Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчдод хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг гардуулах ёслолын ажиллагаа болов. Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсанаар  гэр бүлийн болон иргэний хэрэг, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бүрдээд гурван жилийн нүүрийг үзэж, амжилттай хэрэгжиж байна. Цаашид эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулах боломж байгаа эсэх талаар энэ удаад хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэхүү хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг “Эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулах боломж” сэдвийн хүрээнд хийсэн судалгааны талаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах нар мэдээлэл хийв. Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсад эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж үзлээ.

Мөн Монгол Улсад эрүү, захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн болон зохион байгуулалтын асуудлыг бусад улсуудын туршлага дээр тулгуурлан нарийвчлан судлах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ