ХОВД: Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-28 15:26:44

Жаргалант /МОНЦАМЭ/.  Энэ сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг Ховд аймгийн УЦУОШТ-өөс танилцууллаа.  

6 дугаар сарын 30-нд болон 7 дугаар сарын 2-нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Агаарын температурын хувьд энэ сарын 30-ны өдрөөс сэрүүсч, уулархаг нутгаар +2+7 градус, өдөртөө +16+21 градус байна. Бусад нутгаар шөнөдөө +8+13 градус, өдөртөө +22+27 градус дулаан байх төлөвтэй.  

Одоогоор Ховд нутгийн 60 орчим хувьд зуншлага сайн байна. Харин 40 орчим хувьд дунд, 10 хувь буюу Мянгад суманд муу гэсэн үнэлгээтэй байна. Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-10 см өндөр ургажээ.


Ихэнх газраар хуурайшилттай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Түүнчлэн иргэд гол, нуураа түшиглэн амарч зугаалах нь нэмэгджээ. Иймээс бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандарт шаардлага хангахгүй хийлдэг гудас, хөвөгч завь зэргээр тоглуулахгүй байхыг зөвлөлөө. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг анхаарч, гол, усны ослоос урьдчилэн сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд уриалав.

Холбоотой мэдээ