ОРХОН: Монгол, Киргиз улсын найрамдалт харилцааг бэлгэдэж “Ногоон төгөл” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-11 12:33:04
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаров энэ сарын 10-нд Орхон аймагт зочилж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай танилцлаа. 


Энэ үеэр Монгол, Киргиз хоёр орны найрамдлын бэлгэдэл болгож, Эрдэнэт хотноо “Ногоон төгөл” байгуулахаар ярилцсан гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХМОНХА-аас мэдээлэв.


Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.М.Артыкбаев болон албаны хүмүүс дагалдсан юм.

Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров “Эрдэнэтийн-Овоо”-ны уурхайн бүсэд зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцав. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, хүдэр олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүчин чадал, эдийн засгийн үр өгөөж, цаашдын зорилт, хөгжлийн үндсэн чиглэлээр мэдээлэл өгсөн.

Ерөнхийлөгч С.Н.Жапаров мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын эдийн засгийн гол хүч болж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хөгжил, улс орны болоод ард иргэдийн ахуй амьдралд үзүүлж буй хувь нэмрийг онцлон сонирхсон байна.

 

Холбоотой мэдээ