Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ: Нигерийн шигшээ баг талбайн эзэн багийг хожлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-07-28 11:37:47

БРИСБЕН. /CNN/. Өчигдөр буюу 7 дугаар сарын 27-ны өдөр эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ В хэсгийн 2-р тойргийн тоглолтууд Австрали, Нигерийн шигшээ багуудын тоглолтоор дууслаа.  


Австралийн Брисбэн хотын "Ланг Парк" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод нигеричүүд талбайн эзэн багийг  3:2 онооны харьцаагаар хожжээ. 


Тоглолтын эхний үед австраличууд талбайд бөмбөг эзэмшилтээр илт давуу тоглож, тоглолтын төгсгөлд хагас хамгаалагч Эмили ван Эгмонд гоол оруулжээ. Гэвч хэдхэн хормын дараа Нигерийн довтлогч Ученна Кану онооны харьцааг тэнцүүлсэн байна. 


Хоёрдугаар үед эхний гоолыг 65 дахь минутад Нигерийн шигшээ багийн хамгаалагч Осиначи Охале ойрын зайнаас оруулж, долоон минутын дараа довтлогч Асисат Ошоала гоолдсоноор Нигери тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Ошоала эмэгтэйчүүдийн ДАШТ-нд гурван гоол оруулсан анхны африк тоглогч болсон байна. 


Нэмэлт цагийн 10 дахь минутад Австралийн шигшээ багийн хагас хамгаалагч Аланна Кеннеди гоол оруулж онооны харьцааг 2:3 болгосон ч Нигери мартагдашгүй хожлоо хадгалж чаджээ. 

Холбоотой мэдээ