ХӨСҮТ: Гэдэсний халдварт өвчин нэмэгдэх динамик ажиглагдаагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа үертэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин нэмэгдээгүй хэдий ч иргэд тайвшрахгүй байхыг зөвлөв.
Тэрбээр цааш хэлэхдээ "Гэдэсний халдварт өвчний улиралчлал зургаадугаар сараас эхэлдэг. Үүнтэй уялдуулан зөвлөмж сэрэмжлүүлгийг манай байгууллагаас иргэдэд тухай бүрд нь түгээж буй. Тухайлбал, иргэд гараа дарааллын дагуу угаах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, гэдэсний халдварын зовиур илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах, эмчээс зөв эмчилгээг заалгаж авах, хэт халалтын үед хүнсээ зөв сонгож хадгалах, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад ангилах, хоол ундаа бүрэн болгох, хурдан хугацаанд муудах хүнс ууж идэхгүй байх, орон нутгийн иргэдээс амны усны талаар мэдээлэл авах зэргээр өөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.
Долоодугаар сарын эхний 7 хоногоос үерийн аюул нүүрэлсэнтэй холбоотой өдөр бүр мэдээллийг хянаж, тандалтаа эрчимжүүлэн ажиллаж байна. Үүнтэй холбоотой нийт аймгаас халдварт өвчний мэдээг өдөр бүр хүлээн авч буй. Тандалтын мэдээллээс харахад, гэдэсний халдварт өвчин нэмэгдэх динамик ажиглагдаагүй. Тухайлбал, өчигдрийн байдлаар манай төвийн хүлээн авахаар 60 хүн ирж үзүүлснээс хоёр хүн цусан суулга, нэг хүн сальмонеллез оноштойгоор хэвтсэн.
Гэсэн хэдий ч иргэд мэргэжлийн төв байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг үргэлжлүүлэн дагах нь зүйтэй" гэлээ.