Үерт дахин өртөх эрсдэлтэй айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна⚠️
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үер усны гамшигтай холбоотойгоор Цагаан даваа орчимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр ажиллалаа.
Энэ байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын албан хаагчид ажиллаж, үерийн үеэр урсаж орж ирсэн лаг шавар, барилгын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна..
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:
-Наймдугаар сарын 5-ны өдрийн 19:45 цагийн орчим энэ байршилд уулын үер буусан. Геодези, усны барилга байгууламжийн газрын албан хаагчид 21:00 цагаас хойш газар дээр нь ажиллаж, үерийн далангийн лаг, барилгын хог хаягдлыг цэвэрлэлээ. Энд гурван метрийн өндөртэй их хэмжээний шавар хуримтлагдсан байсныг цэвэрлэж, замыг чөлөөлөөд байна. Энэ байршилд ойр орчмын 10 гаруй амнаас ус бууж ирсэн. Уулын ус буудаг жалгыг тэгшлэн өндөрлөж, хашаа хатган суурьшсан айл олон байна. Эдгээрийн олонх нь газраа худалдаж авсан, барилгын хогоор дүүргэн өндөрлөсөн газар гэдгийг мэдэлгүй буусан иргэд байгаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Уулнаас бууж ирэх усны урсацыг хааж, газрыг нь тэгшилсэн байна. Тэгэхээр энэ байршил үерийн усанд дахин өртөх магадлалтай. Тиймээс энд буусан айлуудыг даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа юм. Үерт өртөж орон гэргүй болсон иргэдийг түр байранд очиж, үйлчилгээ авахыг зөвлөж байна.
Үерийн барилга байгууламжийг хааж шороо, барилгын хог хаягдал асган тэгшилсэн, ингэж өндөрлөж байгаад газрыг нь зарсан, их хэмжээний хог хаягдал үүсгэсэн ноцтой зөрчлүүд энд гарч ирж байна. Газрын алба, дүүрэг, хороодтой хэлэлцэж энэ асуудлыг цэгцэлнэ. Үүнтэй холбоотой хариуцлагын асуудлыг ч ярих ёстой хэмээв.
Мөн тэрбээр , үерт өртсөн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, орон гэргүй болсон иргэдийг түр байранд хүлээн авах, шаардлагатай тусламж үзүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өглөө.